
АНУ-ын Засгийн газрын Ёс зүйн албанаас гаргасан санхүүгийн тайлангаас үзвэл, Дональд Трампын гэр бүлийн криптовалютын бизнес Цагаан ордонд эргэн ирсэн анхны жилд нь 1.4 тэрбум ам.долларын ашиг олжээ. Энэ нь улс төрийн өрсөлдөгчдийнх нь зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж, "ил цагаан крипто авлига" гэж буруутгахад хүргээд байна.
Уг тайланд дурдсанаар, Трамп 2025 онд өөрийн эзэмшлийн төрөл бүрийн бизнесээс нийт 2.2 тэрбум гаруй ам.долларын орлого олсны дотор дижитал хөрөнгийн орлого нь онцгой өндөр байжээ. Үүнд:
“World Liberty Financial” нэртэй түүний болон хөвгүүдийнх нь хамтран үүсгэн байгуулсан тус компани бараг 800 сая доллар олсон байна. Үүний 520 сая гаруй доллар нь токен борлуулалтаас, 250 сая доллар нь бизнесийн хувьцаагаа худалдсанаас бүрджээ.Трампын гэр бүл болон түүний Ойрхи Дорнод дахь тусгай элч Стив Виткоффын хамтарсан компани нь "засаглалын токен" (governance token)-ы борлуулалт болон урамшууллаас 526 сая гаруй ам.доллар, мөн хувьцааны борлуулалтаас 65.6 сая ам.доллар олсон байна.
Мөн хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос хэдхэн хоногийн өмнө гаргасан "Трамп" брэндийн коин 635 сая гаруй ам.долларын орлого олжээ.
Энэхүү асар их ашгийн хэмжээ нь Сенатын Банкны хорооны гишүүн Элизабет Уорреноор ахлуулсан Конгресс дахь Ардчилсан намынхны ширүүн эсэргүүцлийг дагуулав. Шүүмжлэгчид, ялангуяа олон улсын хөрөнгө оруулалттай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн талаар түгшиж буйгаа илэрхийлж байна. Трампыг тангараг өргөхөөс хэдхэн хоногийн өмнө Арабын Нэгдсэн Эмират Улстай холбоотой аж ахуйн нэгжүүд World Liberty Financial-д ойролцоогоор 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг Уоррены ажлын албанаас мэдээлсэн. Үүний дараа Трампын засаг захиргаа АНЭУ-д ашигтай шийдвэрүүд, тухайлбал хиймэл оюун ухааны чипний экспортыг хөнгөвчлөх зэрэг дор хаяж 10 арга хэмжээ авсныг шүүмжлэгчид "төлбөр төлж, эрх ашгаа гүйцэлдүүлсэн" байж болзошгүй хэлбэр хэмээн хардаж байгаа юм.
Трамп сэтгүүлчдийн асуултад хариулахдаа энэхүү шүүмжлэлийг няцааж, *"Би ерөнхийлөгч болохоосоо өмнө ч маш их мөнгө олдог байсан"* гэсэн байна. Цагаан ордны зүгээс ерөнхийлөгчийн бизнесийн үйл ажиллагааг түүний албан үүргээс бүрэн тусгаарласан бөгөөд насанд хүрсэн хөвгүүд нь бие даан удирдаж байгаа гэж мэдэгдсээр ирсэн юм.
Сенат дахь Ардчилсан намынхны зүгээс ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Конгрессын гишүүдийг, мөн тэдний гэр бүлийг крипто бизнес эзэмших, сурталчлахыг хориглох тухай нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн оролдлого нь намуудын саналын зөрүүгээс үүдэн одоогоор дэмжлэг авч чадаагүй байна.