Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль энэ сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол нэг жилээр жолоодох эрхийг нь хасна-
Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат "2017 оны долдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар замын хөдөлгөөний зөрчилтэй холбоотой дөрвөн хуулиар зохицуулалт хийхээр болсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 56 зүйл заалт зөрчлийн тухай хуулиар зохицуулагдахаар болсон. Тухайлбал, Замын цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтаар илрүүлээд, арга хэмжээ тооцдог байсан бол хуулийн шинэ зохицуулалтаар бичиг баримтыг шууд хурааж авна. Ингээд захиргааны арга хэмжээ тооцохын зэргээ даатгалыг нь төлүүлэх арга хэмжээ авна. Торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зохицуулан хэлбэлзэж байсан бол үүнийг нэгжид шилжүүлж, байхгүй болгосон. Тодруулбал, Зам тээврийн осол үйлдсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 100 нэгж буюу 100,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.
Түүнчлэн баривчлах шийтгэлийг 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх болон жирэмсэн эмэгтэйчүүдийг нэг хоногийн 15 нэгжээр тооцож, баривчлахгүй байхаар Зөрчлийн хуульд тусгасан. Нэг нэгж гэдэг нь 1,000 төгрөгтэй тэнцэх юм. Өөрөөр хэлбэл, 15 мянган төгрөгөөр торгоно гэсэн үг. Харин согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж хөдөлгөөнд оролцсон тохиолдолд нэг жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасна.
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрх нь хасагдсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоног баривчилна. Үүний зэрэгцээ албадан сургалтад хамруулахаар болсон. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан замын цагдаагийн албан хаагчид иргэдэд чирэгдэл учруулахгүйн үүднээс албан хаагчдаа нэмж, шинэ терминал багажаар ханган ажиллаж байна. Зөрчлийн тухай хуулиар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд оногдуулах шийтгэл 30-40 хувиар буурсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдолд иргэдийн материалыг хурааж авч шалгадаг болсноороо хуучин хуулиас өөр. Замын цагдаагийн албаны хувьд дүүргүүдийнхээ албадад бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийсэн. Та бүхэн өөрт хамгийн ойр байгаа цагдаагийн байгууллагад бичгээр болон амаар зөрчлийн талаар мэдээлэл өгөх боломжтой. Иргэдийг чирэгдүүлэхгүй байлгах үүднээс маш шуурхай ажиллаж байна. Дүүргийн цагдаагийн хэлтэст иргэд гомдлоо гаргах нь нээлттэй байгаа. Үүн дээр нэмээд прокуроос хяналт тавьж байгаа. Хуучин зөрчлийн тухай хуулиар гүтгэх доромжлох нь гэмт хэрэг байсан. Харин шинэ хууль хэрэгжиж эхэлснээр гүтгэх доромжлох нь захиргааны хариуцлагаар зохицуулагддаг болсон" гэх мэдээлэл өгөв.
-Зөрчлийн хуулийн дагуу 51 хэргийг шалгаж байна-
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ч.Ганбадрал "Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Замын аюулгүй байдлын тухай хуулийн 14.4-т заасан зөрчил 3302, Жолоочийн даатгалын тухай хуулийн 14.5 дахь хэсгийн заалтыг зөрчсөн 144 зөрчил бүртгэгдсэн" гэлээ.
Нийгмийн хэв журмын зөрчлийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат “Зөрчлийн тухай хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбоотой Цагдаагийн байгууллага 247 зөрчлийг шалгаж шийдвэрлэхээр зохицуулагдсан. Шалгаж байгаа зөрчлүүдээс 1 зөрчил шийдэгдэж 50 нь шалгагдаж байна. Ангилж авч үзвэл, танхайрах зөрчил 24, хүний биед халдсан зөрчил 2, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 13, хулгайлах зөрчил 10, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх 2 зөрчил бүртгэгдсэн байна. Тухайлбал, Увс аймагт 4 зөрчил шалгагдаж байна” гэж мэдээллээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, хошууч Ц.Батсүх “Эрүүгийн хэргийн шалгах мөрдөх ажил энэ хугацаанд ямар нэгэн байдлаар тасалдаагүй. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мөрдөн байцаах тасаг гэмт хэрэг, зөрчлүүдийг шалгаж байгаа” гэв.