-Богд хан уулын хэрэм, шувуу ховордсон нь тэнд хэрээ олон тоогоор ноёрхон амьдрах болсонтой холбоотой-
“Ийм новшийн шувуу ингэж урт наслах гэж” хэмээн хэрээний тухай баримтат киног үзээд нэг найз маань уулга алдаж билээ. Монголчууд бид яагаад хэрээ гэж нэрлэснийг мэдэхгүй. Харин оросууд бор шувуу болон хэрээг шууд төрөлх араншингаар нь л нэрлэж орхиж. (Хулгайчийг оросоор вор гэдэг бөгөөд хэрээг ворона, бор шувууг воробей гэж нэрлэдэг). Амьдралын хэв маяг, ашигтай, хортой тал юу байна гээд үзэхээр ашигтай тал бараг алга аа. Хэрээг муулахын учир юун гэвэл байгаль орчинд ч, хүмүүн төрөлхтөн бидэнд ч ашигтай нэгэн санааг дэвшүүлэх гэснийх юм. Гэхдээ энэ санаагаа шууд хэлэхээс өмнө эхлээд хэрээ хэмээх энэ хулгайчдуу, ухаалаг шувууг цухас танилцуулья.
Хөдөөгөөс шилжин суурьшигчид олширсон сүүлийн арваадхан жилийн дотор нийслэлийн хог хэрээс хэтэрч, хаягдал хүнсээр хооллодог хар хэрээ түүний төрлийн шувуудын тоо эрс нэмэгдлээ. Ер нь хот төдийгүй хээр тал, ой тайга гээд хаана л бол хаана хэрээ шаазгай мэтийн шувууд элбэгээр үзэгдэх нь "Энэ хэдээс өөр шувуу үлдээгүй бил үү" гэсэн сэтгэгдэл төрүүлэх болж. Уг нь хэдхэн жилийн өмнө л хотын захад гарахад олон зүйлийн шувууд нисэлдэн зүйл бүрийн дуу хоолойгоор жиргэдэг байсан сан. Харин өнөөдөр хэрээний гуаглах уйтгартай муухай дуу л сонсогддог болж дээ. Хэдэн жилийн өмнө томилолтоор Архангай, Өвөрхангайгаар яваад “Хөдөөг минь яаж орхио вэ” гэж хэн нэгэнд гоморхох сэтгэл төрж байж билээ.
Ихэнхи өндөр хөгжилтэй орны иргэд хогоо гялгар уутанд савлан гаднаа тавьдаг. Гэвч хэрээ хүнсний үлдэгдэлтэй уутыг төвөггүй ялган цоолж идэх хоолоо олмогц бусад хогийг тараан бохирдуулдаг зантай.

Хэрээ нь дэлхийн бөмбөрцгийн бараг бүх газар тархан амьдардаг. Ялангуяа хар хэрээ жоом шиг ямар ч газар зохицон амьдрах чадвартай амьтан. Хойд мөсөн далайд ч тохиолдоно. Дэлхийн өнцөг булан бүрд тархан амьдардаг энэ шувуу хүйтнээс Антарктид, халуунаас Шинэ Зеландад тархаагүй нь сонин. Дэлхий дээр хэрээний овогт 20 төрөлд хамаарах 100 зүйлийн шувуу байдгаас манай оронд суурин ес, нүүдлийн дөрвөн зүйдлийн шувуу бий. Хэрээний овогт бидний сайн мэдэх самарч шаазгай, алаг шаазгай, ятга шаазгай, улаан хошуут, алагтуу, турлиах, хар хэрээ, хон хэрээ багтана. Зарим зүйлүүд нь хот суурин бараадан амьдардаг байхад зарим нь дайждаг байх жишээтэй.
Хэрээ нь хүнтэй адил элдэв идэштэн. Амьтны сэг зэм, жижиг сээр нуруутан амьтан, шавж, ургамлын үр тариа гээд юугаар л бол юугаар хооллоно. Хавар бусад шувуудаас эрт өндөглөн, хадан цохио, мод бургас, барилга байшингуудын дээвэрт хосоороо буюу сүргээрээ амьдрах нь элбэг. Эмэгчин нь үүрээ сахиж эрэгчин ь хоол тэжээлээ зохицуулдаг. Ангаахай нь 40 хоноод нисдэг бөгөөд эцэг эхийн халамжинд намар, өвлийг давж цаашид бие даан амьдарна. Нэг удаад голдуу гурваас есөн өндөг гаргадаг. Энэ овогт хамаарах шувууд их ухаалаг байдгаараа төрөл нэгтнүүдээсээ онцгойрдог. Жишээ нь чоно дагуулан нисч хялбар олз зааж өгнө. “Борооны түрүүнд шороо, боохойн түрүүнд хэрээ” гэж манай ард түмэн хэлдэг нь ийм учиртай. Заримдаа хамтрагчийнхаа хаана явааг анчинд мэдэгдчихдэг тул чонынхоо үлдэгдлээр хооллох нь ч бий.
Хүний гар дээр тэжээгдэж буй хэрээний төрлийн шувууд эзэндээ ихэд дасан эзгүйд нь санаж үгүйлдэг гэх бөгөөд сургаж чадвал тоть шувуунаас дутахгүй ярьдаг байна. Гялгар гялтгар зүйлд дуртай учир үүрэндээ элдэв металл эд цуглуулах дуртай. Алдарт зохиолч Сетон Томпсон ухаалаг амьтдын тухай өгүүлэхдээ хэрээг нэлээд дээгүүр тавьсан байдаг. Гэвч эдгээр шувууд суурин газар олширсон үедээ хотын байшин барилга хөшөө дурсгалыг сангасаараа будан бохирдуулж, хог ухан элдэв шимэгч үржих нөхцөл бүрдүүлэх сөрөг нөлөөтэй.
Хотоо цэвэр цэмцгэр байлгах, хэрээтэй тэмцэх талаар гадаадынхан янз бүрийн арга хэмжээ авдаг. Ихэнхи өндөр хөгжилтэй орны иргэд хогоо гялгар уутанд савлан гаднаа тавьдаг. Гэвч хэрээ хүнсний үлдэгдэлтэй уутыг төвөггүй ялган цоолж идэх хоолоо олмогц бусад хогийг тараан бохирдуулдаг зантай. Японы эрдэмтэд тэдний энэ байдалд судалгаа хийж хэрээний нүд шар өнгийн уутан дахь хогийг нэвт харж чаддаггүй болохыг нь тогтоон хаягдлаа ийм өнгийн уутанд хийдэг болсон байна. Мөн нисэх онгоцны буудлын ойролцоо эдгээр шувууд үүрлэх, идэшлэх нь нислэгийн аюулгүй байдалд нөлөлдөг тул аюул тохиолдсон үед гаргадаг авиаг чанга яригчаар цацах, махчин шонхор шувуугаар үргээлгэн дайжуулах болжээ.

Тэд хаврын тариалалтын үед хэдэн зуугаараа нисэн ирж суулгасан үрийг ухаж идэх, намрын улиралд боловсорсон үр тариагаар хооллох зэргээр ХАА-д багагүй хохирол учруулдаг. Өндөг, ангаахайгаа дарж бойжууулж байгаа ус, намгийн болон ойн шувудыг алсаас ажиглаж байгаад үүрээ орхих хоромд нь амжиж очин өндгийг нь идэж устгана. Мөн эх эцэг шувууг нь нэг хэрээ хоргоож байх зуур нөгөө нэг хэрээ нь үүрийг нь хоосолно. Тэр ч байтугай нохойн хоолыг дээрх аргаар хамар дороос нь хулгайлдаг. Тэднийг үнэхээр гайхамшигтай хургайчид гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Хэрэмний хурилыг ч ухаж үр төлийг нь идэж устгах энүүхэнд. Богд хан уулын нүхтийн аманд урьд хэрэм ихээр үзэгддэг байсан бол одоо маш цөөн тааралдах болсон нь тэнд хэрээ олон тоогоор ноёрхон амьдрах болсонтой холбоотой.
Гадаадын зарим орон хэрээний учруулж буй хор хохиролд судалгаа хийж мэдээд тэмцэх болсноор бусад төрлийн ашигт шувууд ан амьтдын тоог ихээр нэмэгдүүлсэн баримт байна. Жишээлбэл Хойд Норвегид цагаан ятуу (ахууна)-ы өндгийн бойжилт 20 хувьтай байдаг бөгөөд үлдсэн 80 хувьд нь хэрээний дайралтад өртөж байгааг тогтоосон юм. Швед улсад гургуул дөрөв, тавдугаар сард өндөглөдөг бөгөөд энэ үед өвс үүрийг нь далдлахуйц өндөр ургаж амжаагүй байдгаас өндөгний 95 хувь нь хэрээний хоол болдог байна.
Японы эрдэмтэд тэдний энэ байдалд судалгаа хийж хэрээний нүд шар өнгийн уутан дахь хогийг нэвт харж чаддаггүй болохыг нь тогтоон хаягдлаа ийм өнгийн уутанд хийдэг болсон байна. Мөн нисэх онгоцны буудлын ойролцоо эдгээр шувууд үүрлэх, идэшлэх нь нислэгийн аюулгүй байдалд нөлөлдөг тул аюул тохиолдсон үед гаргадаг авиаг чанга яригчаар цацах, махчин шонхор шувуугаар үргээлгэн дайжуулах болжээ.
Ус намгийн шувуудын эхний өндөглөлтийн 85 хувь нь хэрээний хоол болдог. Иймд Шведийн анчдын нийгэмлэг 1980-аад оноос эхлэн 100 буюу түүнээс дээш хэрээ болон тэдний “хамаатнууд”-ыг устгасан хүнийг “Онц анчин” тэмдгээр шагнадаг бөгөөд тэмдгийн найрлагад 3.2 грамм цэвэр алт ордог гэнэ. Туул голын орчимд ихээр үзэгддэг байсан нугас одоо бараг харагдахаа больсон нь хэрээний харгай.
Хэрээний танилцуулгаа үүгээр өндөрлөж хэлэх гэсэн санаандаа оръё. Уншигч та ч гэсэн таамагласан байх. Нийслэлийн ойр орчимд үүрлээд байгаа хэрээг цөөрүүлэх арга хэмжээг авах цаг нь болжээ. Энэ шувууд Богдхан уул, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хавиар ихээр үзэгддэг болсон. Муу амлаж байгаа юм биш, гэхдээ байгаа хэдхэн онгоц маань хэрээтэй мөргөлдвөл яана. Оросын зүгээр нэг дуучин Филипп Киркоров хувийн Боинг-гоороо нийслэлд хөл тавьж байхад Германаас хуучин Аэробус түрээслэх гэрээ үзэглэж байсан улс шүү дээ бид чинь. Нислэгийн үед Боинг онгоцтой мөргөлдсөн тагтааны хэрийн биетэй шувуу сум үл нэвтрэх онгоцны салхины шилийг хагалж, нисэгчийн арын ханыг цөм цохиод зорчигчийн хэсэгт очиж тогтсон байсан гэдэг.
Хэрээг устгаж эхэлснээр үүнээс гадна тулгамдаад байгаа бас нэгэн асуудлыг шийдэх гарц харагдаад байгаа юм. Нийслэлийн хөрсний бохирдол хэрээс хэтэрснээс мод ургахаа байсан. Цэцэрлэгжүүлэх компаниуд мод ургуулах гэж үйлээ үзэж сүүлдээ жил бүр төсөв авч байгаа юм чинь ургахгүй байвал ашигтай ч юм уу гэсэн байдлаар хандах болсон нь нууц биш.

Үржил шимгүй болоод хатчихсан хөрсөө тэтгэхийн тулд нийслэлийн ойролцоо ногоон бүсээс эрүүл хөрсийг өвс ургамалтай юутай хээтэй нь онгилон авчиравч үр ашгаа өгөхгүй л байна. Учир нь, нийслэлд тарьсан модонд нь ТҮК-ийнхэн хоноцын сэтгэлээр хандаж, онгилогдож үлдсэн газрын хөрс нөхөн сэргээгдэхгүй өнгөрч байгаа юм. Тиймээс эрүүл хөрсөө нэмж сүйтгэлгүй, биологийн ашигт бордоо үйлдвэрлэн хөрсөө тэтгэе.
Италийн алдарт жуулчин Марко Поло “Ертөнцийн элдэв сонин” бүтээлдээ “… тэнд Харахорум хотыг Дундад Азитай холбож, улмаар Эзэнт гүрний эзэмшил нутгийг хөндлөн гулд туулсан их зам бий. Газраас өндөрлөн чулуугаар шигтгэж барьсан тул явахад саадгүйн дээр хоёр талаар нь өндөр модод тарьсан учир сэрүү татаад нэн таатай. Замын дагуу мод тарьсан нь нөгөө талаар холоос харагдан таних тэмдэг болдог тул элчилгүй говьд ч төөрөхийн зовлонгүй нэн амар ажээ” гэсэн байдаг. Хаан замыг барьж байсан ажилчид замд тохиолдсон сэг зэмийг газарт булаад дээр нь модоо суулгадаг байжээ. Газар булагдсан сэг зэм хэсэг хугацааны дараа задарч, ашигт бордоо болон модоо тэтгэдэг байж. Харгана, загнаас өөр мод ургадаггүй элсэн хөрсөн ийм аргаар бүхэл бүтэн баянбүрд ч үүсгэдэг байсан байна. Өвөг дээдсийнхээ санаачлан туршигдсан аргыг өнөө бид авч хэрэгжүүлэх цаг нь болжээ. Хойд хөршид агнасан хэрээг амьтны тэжээл болгон ашигладаг юм билээ. Бид бол бордоо хийхэд л болно. Уншигч та өглөө нийслэлд ирж байгаа, шөнө буцаж байгаа хэрээний сүргийг хараарай. Хэдэн зуу, мянгаараа сүрэглэж байгаа. Тэднийг хараад та “Энэ хар хэрээнүүдийн тоог цөөлөх цаг нь болжээ” гэж эрхгүй бодох вий.

Дээвэр, хана болон багахан зайд үүрээ зассан жижиг шувуудын өндгийг өөрөө багтахгүй тул сарвуугаараа чангаах, модны мөчир, төмөр утас зэргийг ашиглан дэгээдэж татаж гарган хөнөөдөг цор ганц жигүүртэн бол хэрээ.