-Ерөнхийлөгчийн сонгуульд 1993 онд сонгогчдын 92.73 хувь, 2013 онд 66.5 хувь нь саналаа өгчээ-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр 07:00 цагт орон даяар эхэллээ. Монгол Улсын иргэд энэ удаагийн сонгуулиар тав дахь Ерөнхийлөгчөө сонгох юм.

Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь зургаан удаа явагдаж, дөрвөн Ерөнхийлөгч сонгогдож байсан түүхтэй. Ингээд өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц болон нэр дэвшигчид хэдэн хувийн саналаар Ерөнхийлөгч болж байсныг эргэн сануулъя.

1993 оны Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 1.106.403 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдэж, тэдний 1.025.970 буюу нийт сонгогчдын 92.73 хувь нь саналаа өгч байжээ. Тухайн үед МАХН-аас Л.Түдэв, П.Очирбат нар өрсөлдсөнөөс П.Очирбат 57.78 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчийн нэрсийн жагсаалтад 1.155.228 сонгогч бичигдсэнээс 982.640 сонгогч буюу нийт сонгогчдын 85.06 хувь нь саналаа өгчээ. Энэхүү сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди 60.81 хувийн санал буюу хамгийн өндөр саналаар Ерөнхийлөгчөөр нэр дэвшигч болж байв. Харин П.Очирбат 29.81, Ж.Гомбожав 6.64 хувийн саналыг тус тус авсан байна.

2001 онд сонгогчийн нэрсийн жагсаалтад 1.205.885 сонгогч бүртгэгдэж, 1.010.479 сонгогч саналаа өгсөн нь нийт соногчдын 83.80 хувь болжээ. Уг сонгуульд Н.Багабанди 58.13 хувийн саналаар хоёр дахь удаагаа төрийн тэргүүнд сонгогдсон бол түүний өрсөлдөгч Р.Гончигдорж 36.53, Л.Дашням 3.54 хувийн санал авчээ.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 1.241.691 сонгогч санал өгөх байснаас 930.956 сонгогч саналаа өгсөн нь нийт соногчдын 74.97 хувь болжээ. Энэ сонгуульд МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр 53.44 хувийн саналаар ялалт байгуулсан бол АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан 20.03 хувийн санал авсан нь тус намын нэр дэвшигчийн авсан хамгийн бага санал болж байна. Энэхүү сонгуульд анх удаагаа дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгогчдын санал ихээхэн хуваагдаж Б.Жаргалсайхан 13.85, Б.Эрдэнэбат 11.33 хувийн санал авч байжээ.

2009 онд сонгогчийн нэрсийн жагсаалтад нийт 1.493.217 сонгогч бүртгэгдэж, 1.098.875 сонгогч саналаа өгсөн нь нийт сонгогчдын 73.59 хувь болжээ. Уг сонгуульд МАХН-аас тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, АН-аас Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж нар нэр дэвшиж сонгогчдын 51.24 хувь нь АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийг, 47.44 хувь нь МАХН-ын Н.Энхбаярыг дэмжсэн байна.

Харин 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 1864273 сонгогч бүртгэгдсэний 65 хувь буюу 1239784 сонгогч саналаа өгчээ. Ингээд Ц.Элбэгдорж 50.23 хувийн, Б.Бат-Эрдэнэ 41.97 хувийн, Н.Удвал 6.5 хувийн саналыг тус тус авч байжээ.

Энэ удаагийн буюу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны 1.978.298 сонгогч бүртгүүлжээ.