
-Үйлдвэрээ богино хугацаанд ашиглалтад оруулсан "Говь" ХК-д талархав-
“Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт энэ сарын 14-нд галд автаж, олон хүний "харамсал"-ыг төрүүлсэн. Тэгвэл тус компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд баяр хүргэж, амжилт хүссэн байна. Тэрээр "Галын мэдээ монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Богино хугацаанд үйлдвэрээ засварлаж үйл ажиллагаагаа эхлүүлж чадаж байна гэдэг бол гадаад болон дотоодын захиалагч, хэрэглэгчдийнхээ захиалгыг цаг хугацаанд нь нийлүүлэх боломжтой болж байна. Мөн шуурхай ажиллаж үндэсний том үйлдвэрээ эрсдэлээс аварч чадсан Онцгой байдлын ерөнхий газар, гал сөнөөгч залууст талархал илэрхийлмээр байна. Монголчууд гар сэтгэл нийлж, хамтарч ажиллавал эрсдэлийг богино хугацаанд давах боломж байна гэдгийг энэ үйл явц харуулж байна" гэжээ.

Харин тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан “Компанийн дээврийг засч байх явцад гал гарч 23 мянган ам.метр талбай бүрэн шатсан. Онцгойгийнхон маань цал алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдрөөс бүрэн жигдэрлээ. Галын голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Ус суваг удирдах газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар төмөр зам, Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон тусламжийн гараа сунган туслалцаа үзүүлсэн албан байгууллагуудад дахин талархал илэрхийлье. Мөн “Говь” компанид туслах хандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана" хэмээсэн байна.
Мөн тэрээр "“Говь шатлаа” гэсэн мэдээллийг нийт монголчууд сэтгэл зовж хүлээж авсан. Манай хамт олон нийт ард түмэндээ талархаж байгаа. Үйлдвэрээ хурдан хугацаанд засварлаж ашиглалтад оруулснаа монголчууддаа барьж буй бэлэг гэж бодож байгаа. Бид улам хичээж ажиллана” гэжээ.
