Баянзүрх дүүргийн иргэн С.Болд-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн иргэн Б.Өлзий-Од болон энэ жил анхлан сонгууль өгч буй залуус нэгдэн өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. Уг хурлаар залуус “Guys” хамтлагийн ахлагч Х.Бат-Ундралын санаачилсан “Хар тамхины эсрэг аян”-д нэгдэж буйгаа илэрхийлсэн юм.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн иргэн Б.Өлзий-Од “Хар тамхины хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэр тусмаа бидний үе тэнгийнхэн үүнд нэр холбогдож байгаа нь эмгэнэлтэй юм. Манай улс хэрэглэгч орны тоонд орсонд бидний сэтгэл маш эмзэглэж байна. Үүнд гэр бүл, эцэг эхийн анхаарал сул, мөн бие биенээ даган дуурайх явдал их байгаа юм. Бид ирэх даваа гаригт улс эх орны нэр төр, нүүр царай болох улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох чухал сонголтын өмнө ирээд байна. Гэтэл хүү нь хар тамхи хэрэглэдэг Х.Баттулга Ерөнхийлөгч болбол яах вэ. Хэрэв тэгвэл нийгэмд эмх замбараагүй байдал үүсч, ингэж болдог юм байна гэсэн ойлголтыг залуус маань авна шүү дээ. Тиймийн тул бид нэгдсэн юм. Монгол Улсын тав дах Ерөнхийлөгчийг сонгох өдөр нь дэлхийн хар тамхины эсрэг өдөр тохиож байгаа. Тийм ч учраас энэ өдөр хар тамхитай холбоотой бүхнийг жигших өдөр” гэлээ.
Цаашдаа эдгээр залуус “Анхлан сонгогчдын холбоо” байгуулж, үе тэнгийн залуусаа хар тамхинаас хол байхыг уриалж, олон арван залуусыг нэгтгэх гэнэ. Мөн энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлж, гэртээ хар тамхи хэрэглэж, хүн амины хэрэгтэй холбогдсон хүүгээ хүмүүжүүлж чадаагүйнхээ төлөө нэрээ татахыг шаардлаа.