
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба мэдээлэл хийлээ.
Тэрээр "Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд батлан хамгаалах хэлэлцээр байгуулах эрхийг Батлан хамгаалахын сайд Д.Батлутад засгийн хурлаас олголоо.
Жил бүр Төрийн далбааны өдөр буюу долоодугаар сарын 10-нд цэргийн ёслолын жагсаал зохион байгуулдаг. Энэ жил Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр цэргүүд бүрэн зэвсэг, техниктэйгээр ёслолын жагсаалд оролцоно. Бүрэн дэлгэмэл жагсаал зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэж, үүнд шаардлагатай зардлыг баталлаа.
Төрийн 8500 гаруй цэрэг, хууль сахиулагч жагсана. 90 гаруй техник, байлдааны нисдэг тэрэг, тусгай техникийн парад давхар зохион байгуулна. Монгол Улсын батлан хамгаалах салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориулалтын техникүүдийг энэ парадаар олон нийтэд харуулна. Дотооддоо үйлдвэрлэж буй хуягласан болон хүнд, хөнгөн байлдааны машин, дронуудаа ард түмэнд танилцуулна.
2024 оноос цэргийн дүрэмт хувцасны загварыг шинэчилсэн. 3-5 төрөл байсан бол 3-4 төрлөөр нэмэгдсэн. Үүнийгээ энэ жагсаалд өмсөж оролцоно" гэв.