
2020 онд 5 настайдаа алга болсон Калифорни мужийн охин Карен Рохас дөрвөн жилийн дараа Өмнөд Каролина мужаас эсэн мэнд олджээ. Охиныг Missing People in America байгууллага Карен Рохас гэж тодорхойлсон байна.
Охин Дуарте хотоос 2020 оны долдугаар сарын 1-нд алга болсон. Энэ хот нь Лос Анжелесоос зүүн тийш ойролцоогоор 20 милийн зайд оршдог. Алга болох үед нь тус хотын Хүүхэд, гэр бүл хамгааллын байгууллагаас охинтой холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан гэж Лос Анжелес тойргийн шерифээс мэдээлжээ.
Албаныхны хэлснээр охиныг асран хамгаалах эрхтэй байсан ээж нь нийгмийн үйлчилгээний байгууллагатай холбоогоо тасалж, хүүхдээ авч явсан байж болзошгүй байжээ.
Өнгөрсөн баасан гарагт мөрдөгчид охин Вашингтон тойргийн байж магадгүй гэсэн мэдээлэл авчээ. Энэ нь охины олдсон газраас ойролцоогоор 135 милийн зайд, харин Калифорниос бараг 2700 милийн зайд оршдог.
Мөрдөн шалгалтаар 11 настай болсон Рохас тухайн нутгийн сургуульд өөр нэр ашиглан суралцаж байсан нь тогтоогджээ.
Вашингтон тойргийн шерифийн алба “Олон байгууллага хамтран ажилласны үр дүнд хүүхдийг хамгаалалтад авч, эсэн мэнд оллоо” гэжээ. Тэд ийм удаан хугацааны дараа ийм эерэг төгсгөлтэй хэрэг маш ховор тохиолддог гэж мэдэгдсэн байна.
Одоогоор энэ хэрэгтэй холбоотой баривчилгаа хийгдээгүй байна. Хүүхдийн нас бага, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул албаныхан нэмэлт мэдээлэл өгөхгүй гэж мэдэгдсэн юм.