
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Энэ долоо хоногийн дугаарт багтсан онцлох нийтлэлүүдээс танилцуулъя.
НЭГ. Инфлюзер биш инфлюнсер
"Digital 2026: Mongolia" тайланд дурдсанаар 2025 оны аравдугаар сарын байдлаар Монгол Улс 2.93 сая интернэт хэрэглэгчидтэй байна. Манай улсын сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.7 сая болж 2024 оноос 200 000 хэрэглэгчээр өссөн нь сошиал платформуудын нөлөө улам гүнзгийрч буйг харуулав.
Интернэт хэрэглэгчдийн 92.2 хувь нь дор хаяж нэг сошиал медиа платформ ашигладаг нь сошиал медиа хэрэглээ интернэт хэрэглээтэй тэнцүү шахам болж байгааг харуулж байна. 18 ба түүнээс дээш насныхны дунд сошиал медиа нэвтрэлт 121.6 хувь хүрчээ.
Сошиал медиа платформуудын хэрэглээг задлавал, фэйсбүүк сүлжээ хамгийн өргөн хэрэглээтэй “толгой цохисон хэвээрээ” буюу 2.7 сая идэвхтэй хэрэглэгчтэй. Инстаграм 1.2 сая хэрэглэгчтэй. Инстаграм хэрэглэгчид 18-аас дээш насныхны дунд 54 хувийн нэвтрэлттэй. Харин X (хуучнаар Twitter) 139 000 хэрэглэгчтэйгээс эрэгтэй хэрэглэгчид 67.8 хувийг эзэлдэг гэсэн тоон үзүүлэлт гарчээ.
Олон янзын тоо дурдаж буйн учир нь УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын цахим хуудсанд байршуулж, иргэд олон нийтээс санал авч буйтай холбоотой. Уг хуулийн төслийг хэр хугацаанд боловсруулсан нь тодорхойгүй ч нэрнээсээ эхлээд fail-джээ. “Инфлюзер” гэж бичих нь дуудлагын хувьд ойролцоо сонсогдож болох ч англи influencer үгийн зөв галиглалд илүү түгээмэл хэрэглэгддэг хэлбэр нь инфлюнсер юм. Нөгөө талаар, инфлюнсерийн ангилал, бүртгэлийн асуудлыг оруулж ирсэн нь маргаан дагуулахаар зүйлчлэл болжээ.
6 дугаар зүйл. Инфлюзерийн ангилал
6.1. Инфлюзерийг дараах байдлаар ангилна:
6.1.1. мэргэжлийн инфлюзер;
6.1.2. давхар ажил эрхлэгч инфлюзер;
6.1.3. байгууллагын инфлюзер (хуулийн этгээд);
6.2. Ангиллын шалгуурыг дагагчийн тоо бус, орлогын шинж, арилжааны агуулгын давтамж, захиалгат хамтын ажиллагааны хэмжээг харгалзан эрх бүхий байгууллага тогтооно.
Л.Эрдэнэжаргалын "Нөлөөлөгчдөд нөлөөлөх хууль" нийтлэлээс
ХОЁР. Хойноос ирээд хот минийх
2008 оноос хойш дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан нэг ч Ерөнхий сайд алга. С.Баярын ялалт дээр Сү.Батболд, Н.Алтанхуягийн ялалт дээр Ч.Сайханбилэг, М.Энхболдын ялалт дээр Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийн ялалт дээр Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнийн ялалт дээр Г.Занданшатар, Н.Учрал нар тодорч Ерөнхий сайдаар ажиллалаа. Намын даргаар сонгогдож, сонгуульд ялалт байгуулж, Ерөнхий сайдаар ажиллана гэдэг улстөрч болгонд олдохгүй хувь тохиол. Гэтэл бусдын авч ирсэн ялалт дээр тодорч “Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх” гэсэн зарчмаар Ерөнхий сайд нар тодордог боллоо. Зөвхөн Ерөнхий сайдаар тогтохгүй давхар намын дарга болдог. Лидер болох чадамжтай бол лидер болохоор их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлдэг гэсэн үг. Гэтэл лидер болж иргэд, олон нийтдээ хүлээн зөвшөөрөгдсөн, ахиж дэвшиж улс орноо өөдлөн дэвжээсэн хүн алга. Өөрөө ялалт байгуулж албан тушаал, эрх мэдэлд хүрсэн нь өөрийгөө батлан харуулж лидер болж чадсангүй, бусдын ялалт дээр тодорсон нь өөрийн хүчээ харуулж хүлээн зөвшөөрөгдсөнгүй. Ерөнхий сайдаар ажилласан бүхэн лидер бус лойдор болоод дуусдаг жишиг тогтлоо. Ийнхүү монголчууд нийтээрээ лидергүйн зовлонг амсаж, алдсан боломжийнхоо өртгийг тооцож гаслахаас өөрийг хийж чадахгүй сууна. Чингис хаан дахин төрнө гэдэг мухар сүсэг шиг Монгол Улсыг удирдан чиглүүлэх ёстой албан тушаалтан нь “Монголын заяа их” хэмээн хувь заяанд найдаж сууна. Уг нь монголчууд түүнд өөрт нь итгэж байгаа юмсан.
С.Шийлэгтөмөрийн "Лидерийн хомсдол" нийтлэлээс
ГУРАВ. Юм үзэж, нүд тайлсан сонгогчдын гээгдсэн санал
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдардаг 6233 сонгогч бүртгүүлснээс 4248 нь буюу 68.2, 2017 онд 7374 сонгогч бүртгүүлснээс 7209 буюу 66.8, 2021 онд 7398 сонгогч бүртгүүлснээс 5568 сонгогч буюу 75.30 хувь нь тус тус сонгох эрхээ эдэлжээ. СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ энэ талаар “Хилийн чанадад амьдардаг нийт иргэний 5-6 хувь нь л сонгуульд оролцохоор бүртгүүлдэг. Тэдний 65 хувь нь сонгох эрхээ эдэлсэн байна” хэмээн ярьжээ.
Оролцоо маш хангалтгүй гэсэн үг. Гэхдээ энэ нь мэдээж тухайн иргэдийн буруу биш. Тэд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, амьдралаа өөд татах, үр хүүхдээ илүү сайн орчин, нөхцөлтэй нийгэмд өсгөж, хүмүүжүүлэх гэж л харийн орныг зорьсон. Тиймээс ч цаг наргүй хөдөлмөрлөдөг. Мөн сонгох эрхээ эдлэхийн тулд хоёр шат дамжлага туулах болдог аж. Эхлээд санал өгнө гэдгээ илтгэж, бүртгүүлнэ. 2024 оноос энэ үйл явцыг онлайн, шуудангаар хийдэг болгосон учраас хоёр удаа ЭСЯ руу явах ажлыг халжээ. Түүнчлэн зөвхөн Дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очиж байж л саналаа өгдөг тогтолцоо үйлчилсээр буй нь тэд сонгох эрхээ эдлэхэд хаалт, хязгаар болдог юм. Амьдардаг хотод нь Консулын газар, ЭСЯ байдаг хүмүүс арай өөр. Гэхдээ л хагас өдрийн ажлаа алдах болно. Харин өөр хот, мужаас Дипломат төлөөлөгчийн газраа зорин очих гэж буй хүмүүс бүтэн нэг, магад хоёр өдрийн ажлаа орхих болдог. Тиймээс л өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл ажиллаж буй иргэдэд хүсэл байгаад ч боломж гардаггүй. Үүний оронд цахимаар санал авдаг болбол оролцож, сонгох эрхээ эдлэх хүсэлтэй хүн олон байгааг өмнөх сонгуулиудаар зөндөө ярьсан.
С.Туулын "Харьд гээгдсэн сонгох эрх" нийтлэлээс
ДӨРӨВ. 10 жилийн өмнө цагаадсан хар машинд дахин ял оноохыг үгүйсгэхгүй
Ирэх жилүүдийн сонгуулийг зохион байгуулахад санал тоолох 3500 автомат төхөөрөмж шаардлагатайгаас намар ирэх 840-ийг оруулан тооцвол 1347-г нь шинэчлээд байна. Хэрэв 2026 оны төсөвт тодотгол хийж сонгуулийн санал тоолох автомат төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ихэнх нь хуучирч муудсан санал тоолох автомат машин ашиглах нь. Эртхэн төсөвт тодотгол хийж энэ асуудлыг шийдэхгүй бол санал тоолох автомат машиныг шинэчлэх нь хугацаа шаардсан ажил. Учир нь, санал тоолох автомат машин нь угаалгын машин шиг дэлгүүрт бэлэн байдаг бүтээгдэхүүн биш, захиалгаар үйлдвэрлэдэг. Тийм ч учраас Сонгуулийн ерөнхий хороо “Манай улс нэмж авах нь тодорхой. Захиалсан 840-аас гадна нэмээд үйлдвэрлэж байгаач” гэсэн хүсэлтийг “Dominion Voting” компанид хүргүүлсэн юм билээ. Тэгэхээр төсвийг нь шийдсэн ч үйлдвэрлэгчээс манайд нийлүүлэх хүртэл багагүй хугацаа зарцуулна гэсэн үг. Дээрээс нь хүлээн авсан санал тоолох автомат машиндаа программ уншуулах, турших, хүмүүсээ сургахад багагүй хугацаа зарцуулна гэдгийг СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ хэлсэн юм. Ийм л учраас төсөвт нэн яаралтай тодотгол хийх шаардлагатай байна. Хэрэв санал тоолох автомат төхөөрөмжөө шинэчилж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа маргаан үүсэж, будилаан гарах магадлалтай. Монголчууд санал тоолох хар машины “хэргийг” 10 жилийн өмнө цагаатгасан ч хуучирч муудсан гэдэг шалтгаанаар дахин ял оноохыг үгүйсгэхгүй. Тэр цагт Засгийн газар, УИХ-ын гишүүд “Төсвийг нь шийдэж өгөөгүй бидний буруу” гэх нь юу л бол.
С.Шийлэгтөмөрийн "Сонгууль будилах шалтгаан" нийтлэлээс
ТАВ. Хүүхдийн дижитал хөдөлмөр
Цахим орчин хүүхдүүдэд ч зөвхөн хэрэглэгч биш, маркетингийн идэвхтэй оролцогч, зар сурталчилгааны хэрэгсэл, брэндийн нүүр царай болох боломж олгож, алдар нэрд хүрч, амжилт олох гүүр нь болж буй. Гэхдээ шинэ төрлийн энэ зах зээлд эрсдэл, сүүдэртэй тал ч бий. Тодруулбал, нийгэм судлаачид kidfluencer үзэгдлийг “хүүхдийн дижитал хөдөлмөр” гэж тодорхойлж, зарим тохиолдолд хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг анхааруулж эхлэв. Өнгөрсөн онд хэвлэгдсэн “Journal of Business Ethics”-ийн судалгаанд энэ агуулгыг онцолсон байх бөгөөд эцэг, эхчүүд хүүхдийн өхөөрдөм төрхийг ашиглаж, амьдрал, амьжиргаагаа залгуулан, багачуудыг бизнесийн хэрэгсэл болгож байгаа талаар өгүүлжээ. Хүүхдийн хөдөлмөр гэж үзэж байгаад учир бий. Контент бүтээгч хүүхдүүд маш олон цагаар зураг авалтад оролцож, амьдралынхаа хором, мөч бүрийг хүссэн, хүсээгүй камерын дуранд үлдээж, хамтрагч байгууллага, брэндийн шаардлагад нийцэхийн тулд цаг үргэлж хичээх шаардлагатай нүүр тулдаг байна. Түүнчлэн бага наснаасаа төгс гэх бодит бус хүлээлтэд нийцэж амьдрах хэрэгтэй болдог аж. Энэ нь насанд хүрэгчид бүтэн цагийн ажил хийхтэй адил хүнд ачаалал болохыг социологчид онцолсоор байгаа юм. Түүнчлэн тогтмол контент хийх дарамтаас гадна дагагч, үзэгчээ алдах айдас ч үргэлж тэднийг ээрдэг байна.
О.Даваасүрэнгийн "Нөлөөлөгч хүүхдүүд" нийтлэлээс
ЗУРГАА. Хүйсийн үүргийн хувьсал
Аавууд ажлаасаа гарч, хүүхдээ гардан өсгөж буй эл үзэгдлийг “Stay-at-home dad” гэж тодорхойлж буй бөгөөд АНУ, Япон, Швед, Норвеги тэргүүтэй дэлхийн олон оронд бий болжээ. Тоо сөхвөл, АНУ-д гэртээ хүүхдээ асарч буй насанд хүрэгчдийн 18 хувийг аавууд эзэлж буй. Энэ тоо 1989 онд 10 хувьд ч хүрдэггүй байжээ. Хамгийн сонирхолтой нь, ажлаа орхиж, гэртээ үлдсэн аавуудын 23 хувь нь хүүхдийнхээ нандин мөчийг хамтдаа өнгөрөөж, эхнэрийнхээ ачааллыг хөнгөлөх зорилготойгоор энэ сонголтыг хийсэн байна. 1989 онд тус үзүүлэлт хамгийн бага буюу ердөө таван хувь байсныг “Pew Research Center” судалгааны багийнхан онцолжээ. Харин Швед, Норвеги зэрэг Скандинавын орнуудад эрчүүдийн 90 орчим хувь нь хүүхэд асрах урт болон богино хугацааны чөлөө ажлаасаа авсан байна. Азийн улс орнуудад ч энэ үзэгдэл бий болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тухайлбал, Японд гэртээ байж, хүүхдээ өсгөдөг аавуудыг “Икумэн" (Хүүхэд өсгөдөг эр хүн) гэж нэрлэдэг бөгөөд хүүхдээ асарч буй иргэдийн 20 гаруй хувийг эрчүүд эзэлдэг. Тус улс эхнэрүүдийн ачааллыг бууруулах, хүйсийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор дээрх тоог 50 хувьд хүргэхийн зорьж, хууль эрх зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх болжээ. Эр хүн гэр бүлээ тэжээх ёстой, эмэгтэй нь гэрийн дотоод асуудлыг бүрэн хариуцах учиртай гэх уламжлалт, хатуу ойлголттой Өмнөд Солонгост ч сүүлийн жилүүдэд асар том өөрчлөлт гарч буй. Тус улсын Засгийн газраас шинээр хүүхэдтэй болсон аавуудад эхний саруудад цалинтай чөлөө өгөх эрх зүйн боломж бүрдүүлсэн нь аавуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг болсон байна.
О.Даваасүрэнгийн ""Эзэгтэй" эцэг" нийтлэлээс
ДОЛОО. XXI зууны Калашников
Хөнгөн, найдвартай ажиллагаа, энгийн хийц, ашиглалтын олон давуу чанартай Калашников автомат буу өнгөрсөн зууны хамгийн чухал зэвсэг байв. Тусгаар тогтнолоо зэр зэвсгээр олж авсан зарим улсын сүлдэнд мөнхөрч, цахим спортын ертөнцөд ч мөр нь балраагүй АК-47 бууны байр суурийг өдгөө дрон эзэлж байна. Яг л автомат буу шиг ашиглахад төсөр, хямд үнээр олныг үйлдвэрлэж болдог нь XXI зууны нисдэг зэвсгийн гол давуу тал. Анхандаа өндрөөс зураг авах, ачаа бараа тээвэрлэх зориулалтаар ашиглаж байсан дроны технологи хэдхэн жилийн дотор бүтэн улсын дэд бүтцийг сүйрүүлж чадах хэмжээнд очсоныг Украин, Оросын агаарын орон зайд хийгдэж буй харилцан довтолгооноос харж болно. Өмнө нь зөвхөн геополитикийн том гүрнүүд агаарын орон зайд ноёрхдог байсан бол одоо жижиг улс ч дроны тусламжтайгаар алсын цохилт өгөх боломжтой болсон. Үүнтэй богино хугацаанд дасан зохицсон Украин зэвсэг үйлдвэрлэгчээр тогтохгүй “дроны дайны мэдлэг үйлдвэрлэгч” болж хувирч байна.
С.Лхагвасүрэнгийн "Дроны дипломат ажиллагаа" нийтлэлээс
НАЙМ. Дэлгэцээс зугтах шалтгаан
Хөлөгт тоглоомын түүх хэдэн мянган жилийн өмнөөс эхтэй. Археологичид өнөөгийн Иракийн нутаг дэвсгэрээс олдсон “Royal Game of Ur” тоглоомыг МЭӨ 2600 оны үеийн хамгийн эртний хөлөгт тоглоомуудын нэг хэмээн үздэг. Мөн эртний Египетэд “Senet” нэртэй тоглоом өргөн дэлгэрч байжээ. Харин өнөөдөр дэлхий даяар тоглогддог шатар нь МЭ VI зууны орчим Энэтхэгт үүсэж, Перс, Арабын ертөнцөөр дамжин Европт тархсан түүхтэй. Өмнө нь хөлөгт тоглоомыг зөвхөн язгууртан, цэргийн стратегичид эсвэл хүүхдийн зугаа гэж хардаг байсан бол XX зуунаас хойш өрхийн соёлын нэг хэсэг болж эхэлжээ.
Тэгвэл олон зууны түүхтэй эл соёл руу орчин үеийн залуус яагаад ингэж хүчтэй хошуурах болсон гол шалтгаан нь ердөө л “цахим ядаргаа” (Digital Fatigue)-аас зугтах хүсэл аж. Хөлөгт тоглоом залууст виртуал ертөнцөөс түр ч болов амсхийж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа нэг ширээний ард цуглах үнэ цэнтэй орон зайг олгодог. Үүнээс гадна шатар, даам, саятан, монополь, лудо зэрэг тоглоомууд нь чөлөөт цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд тусалдаг төдийгүй сэтгэн бодох, стратеги боловсруулах чадварыг давхар хөгжүүлж, сэтгэхүйг идэвхтэй ажиллуулдаг байна.
И.Сарангоогийн "Дэлгэцээс хөлөг рүү" нийтлэлээс
ЕС. Албан ёсны 1000 дахь гоолын эзэн хэн болох вэ?
Хөлбөмбөгт зарим тоо статистикаас давж, домог өгүүлдэг. 10 дугаар энгийн цифр бус Лионел Мессиг бүрэн илэрхийлнэ. Алсын хараа, бүтээлч байдлыг бэлгэддэг 10 дугаарыг голдуу багийн ахлагч зүүдэг жишгээр домогт Пеле, Марадона, Зинедин Зидан нарын сонголт байв. Тэгвэл хурд, бөмбөг залах гайхалтай ур дүй, огцом гоол оруулах чадвараар онцгойрдог Криштиану Роналду, Жорж Бест, Эрик Кантона, Дэвид Бекхэмийн өмсгөл долоо дугаартай.
Харин одоо дэлхийн спортын хаан тоглоом нэгэн тоон дээр төвлөрч байгаа нь ”Хэн түрүүлж 1000 гоол оруулах вэ” гэдэг асуулт. Үүний цаана ердөө өрсөлдөгчийнхөө хаалганд зоосон гоолыг тоолох бус харин цаг хугацаа, бие махбодийн доройтлыг сөрөн хоёр аравны турш ялалт, дарамт, хүлээлт дунд амьдарсан тамирчны бэрх замнал зурайна. Хөлбөмбөгийн түүхэнд олон хүн өөрийгөө “1000 гоол”-ын эзэн хэмээн зарласан ч албан ёсны баримтаар үнэмлэхүй амжилтын өндөр босгонд дөтлөж очсон хоёрхон тоглогч энэ цаг үед ногоон талбайд гүйсэн хэвээр байна. 2026 оны тавдугаар сарын байдлаар Роналду 973 албан ёсны гоолтой явна. Харин түүний мөнхийн өрсөлдөгч Месси 910 гоолтой. Нэг нь мэргэн бууч, нөгөө нь тоглолтын суут найруулагч.
С.Лхагвасүрэнгийн "Агуу тооны өрсөлдөөн" нийтлэлээс
АРАВ. “Үл үзэгдэгч”
Үнэнийг мэдэх гэж туйлаас хүсэмжилнэ. Гагцхүү романы эцэс хүрсэн атал эрэл дуусахгүй агаад илүү цөхрөл дүүрэн замаар бэдчүүлэх аж. Пол Остерын “Үл үзэгдэгч” романы төгсгөлд энэ мэдрэмж хэсэгтээ салахгүй. Лавшрах тусмаа жихүүдэс төрүүлэм үйл явдлын дотоод руу уншигчийг чирэх бөгөөтөл адаг дахь эргэлт дээр бүдэрсэн нэгнээр зохиолч өчүүхэн ч шоглоом хийсэнгүй. Тэр зүгээр л цэг хатгаж, номоо дуусгаад ээлжит романаасаа ангижирсан. Ядахнаа “Эвгүйцээгүй гэж найдъя” гэх өгүүлбэр ч болов тэмдэглэж үлдээгээгүй нь тун хоржоонтой. Харин эл бүхэн романы бүтэцтэй сөргөхийн аргагүй харгалдаж байгааг онцолмоор санагдана. “Үл үзэгдэгч” роман бол Пос Остерийн зохиолуудыг нэгэн хэвийн бүтэц, уйтгартай өгүүлэмжүүдээс нь эрс өөрчилсөн бүтээл. Тэр уншигчдад өөрийгөө шинээр нээхдээ өгүүлэгчийн дуу хоолой үргэлж солигдож, бодит үйл хийгээд зохиомол дурсамж хоорондоо зүүдний хэсгүүд шиг сүлжих жихүүн уур амьсгалтай, гойд амттай роман туурвижээ. Тэгээд ч энэ бол гэмт хэргийн тухай бус харин хүний дотоод дахь ухамсрын сүүдэр хэрхэн өөрийг нь залгидаг талаар далд өгүүлэмж ашиглаж, зоримгоор хүүрнэсэн ном. Тиймээс үйл явдлаас илүүгээр уур амьсгал, далдуур хангинах хүнд нүсэр хэмнэлээрээ уншигчийг дарамтад хүлнэ. Хэн нэгэн битүү хана нэвтлэн орж ирээд сүүмгэр гэрлийн чанх дор барьж суусан ном руу чинь шагайхаар мөрөн дээгүүр өнгийгөөд байх шиг мэдрэмж төрнө.
Б.Алтанхуягийн "Гэм зэмийн улирлууд" нийтлэлээс
АРВАННЭГ. Булчингаа хэрхэн удирдах вэ?
Махаа барах гэж монголчууд бидний ярьдаг нь үнэндээ тамир тэнхээгээ барагдтал зүтгэсэн гэх утгатай шинжлэх ухааны үндэслэлтэй үг юм. Хүний биеийн зөөлөн хэсэг буюу бидний ойлголтоор мах гэж нэрлэх хэсгийг булчин гэж ойлгож болно.
Булчин нь хүн, амьтны биеийн хөдөлгөөн болон хүчийг бий болгодог агшиж, сунах чадвартай зөөлөн эд. Булчингийн үндсэн үүрэг нь хөдөлгөөн үүсгэхээс гадна биеийн температурыг зохицуулах, дотор эрхтнүүдийг хамгаалах, зөв зогсох, суух байрлалыг хадгалах зэрэг олон чухал ач холбогдолтой. Хүний биед нэрлэгдсэн 650 булчин байх агаад насанд хүрсэн хүний биеийн жингийн 50 хүртэлх хувийг эзэлдэг. Энэ үзүүлэлт нь хүний нас, хүйс, бие бялдрын хөгжил болон фитнессээр хичээллэх түвшнээс хамааран харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, нярай хүүхдэд биеийн жингийн 23 орчим хувийг булчин эзэлдэг бол насанд хүрсэн эрүүл хүнд 50 хувьд хүрч өсдөг.
Эхлээд муу мэдээ. Харвардын их сургуулийн Анагаахын сургуулийн багийн хийсэн судалгаагаар 30 наснаас хойш 10 жил тутамд булчин бага багаар алдагддаг гэнэ. Мөн булчин хөгжүүлэхэд чухал үүрэгтэй тестостерон даавар 40 наснаас хойш аажмаар буурч эхэлдэг. Булчин бага байх тусам дархлаа суларч, хүч тамиргүй амархан ядардаг болохоос гадна цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж, хоол боловсруулах явц удааширч, хөдөлгөөн муудаж уян хатан чанар, хөдөлгөөний тэнцвэртэй байдлаа алдсанаас унаж бэртэж ясаа хугалах эрсдэл өснө.
Одоо сайн мэдээ. Гэхдээ байгалийн энэ бууралтыг удаашруулах, магадгүй бүр эсрэгээр нь өөрчлөхийн тулд булчингийн массаа хадгалах, мөн насжилтаар алдсан байж болох булчинг дахин нэмэгдүүлэх нь байгалийн хуулийг сөрөх төгс арга аж.
Л.Эрдэнэжаргалын "Булчингаа алдах уу, аврах уу" нийтлэлээс