Афганистаны зүүн хэсэгт болсон газар хөдлөлтөд өнөө өглөөний байдлаар 800 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн гэмтсэн гэжээ. Нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм.
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн энгийн иргэд аврах ажиллагаа үргэлжилж буй энэ үеэр гадаа хоног төөрүүлж байна. Тэдний гэр орон хэдийнэ сүйрч, хүн амьдрах аргагүй болжээ.
Өнгөрсөн ням гарагийн шөнө 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох үед голомтод хамгийн ойр байрлаж байсан уулын Кунар мужид хамгийн олон хүн амь үрэгджээ. Албаныхан бүхэл бүтэн тосгон сүйдсэн тул амиа алдсан хүний тоо цаашид үлэмж нэмэгдэх аюултай байгааг анхааруулав.
Олон улс орон аль хэдийнэ тусламж үзүүлэхээ мэдэгдсэн ч зарим тосгонд хүрэх боломжгүй хэвээр байгаа бөгөөд орон нутгийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больжээ.


Фаридулла Фазли хэмээх нэгэн иргэн Кунар мөрний эрэг дээр орших Асадабад хот дахь гэртээ гүн нойрондоо байтал газар хөдлөлт болж, цочин сэржээ. Тэрээр,
“Газар маш хүчтэй доргисон, аймшигтай чимээ нүргэлж байсан. Бид өглөө болтол унтаагүй. Газар хөдлөлт болсны дараа жижиг доргилтууд үргэлжилсээр байлаа. Одоо ч мөн доргилт мэдрэгдсээр байна” хэмээн BBC-д өгсөн ярилцлага даа дурджээ.
Тэрээр тун удалгүй Фазли хотын эмнэлэгт очиж, амиа алдсан болон гэмтсэн хүмүүсийг түргэн тусламжийн машинаар өмнө зүгт орших Нангархар мужийн эмнэлэг рүү тээвэрлэхэд тусалжээ.
Харин энэ үйл явдлын тухайд, “Үнэхээр аймшигтай. Зүгээр л айдас хүйдэс, үймээнээр дүүрэн уур амьсгал дунд байсан” гэв.
Мазар Дара тосгоны нэгэн оршин суугчийн хэлснээр тосгоны 95% нь сүйрч, айл бүрт 5–10 хүн гэмтэж бэртжээ.