Латин Америкийн шидэт реализм хаанаас эхтэй вэ гэдэг асуултын хариуг уншигчид Гарсиа Маркесийн хүүрнэлээс төнхөж ирсэн билээ. Харин Маркес өөрөө Хуан Рулфог уншсан цагаас хойш “Зуун жилийн ганцаардал” романаа сэтгэл тэнэгэр, зүүднийхээ чин үнэн итгэл үнэмшлээр эхлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мэдээж бүгдийн таамаглаж байгаачлан Рулфо бол Маркес биш. Анхдагч нэгэн байлаа гэхэд тэрээр Маркес шиг зохиолын дүрүүдээ хайрлан өсгөж, хожим нь хороодоггүй. Рулфогийн хүүрнэлийн дүрүүд үхэгсэд байдаг. Тэднийг үхүүлчихсэн атлаа дуу хоолойгоор нь итгэл найдвар, хүлээлт, шаналалыг уншигчдад дамжуулдаг. Учир нь Хуан Рулфогийн ертөнц дэх чимээгүй байдал бол үг, амьдрал, үхлийг ч орлоно.
Түүний “Педро Парамо” роман Латин Америкийн шидэт реализмын оргил бүтээлд тооцогддог агаад бусад зохиолчдоос ялгарах өвөрмөц бэлгэдэл, сэтгэлзүйн гүн гүнзгий эрэл, дүрслэлийн содон зүйрлэлүүдтэй. Домог түүхийг бодит ба төсөөллийн зааг дээр туйлын нарийн зурсан дүрүүд нь уншигчдыг чинадын ямар нэгэн ойлгомжгүй байдал руу хөтлөх явцдаа ухамсарт нь шинэ сургаал номлож байдаг. Гол нь шидэт реализм гэдэг нь зөвхөн ид шидийн тухай бус амьдралд үнэмлэхүй ойр атлаа айдас, шаналалын давхцал дээр “өнгөрсөн, ирээдүй” - г нэг дор агуулсан сэтгэлзүйн өвөрмөц тогтолцоо гэдгийг Рулфогийн бүтээлүүд илтгэнэ. Харин энд түүний туурвиж үлдээсэн цорын ганц роман болох “Педро Парамо”-гийн тухай өгүүлье.
Рулфогийн эх орон болох Мексикийн тухай бодуут бүхий л ард түмний төсөөлдөгчлөн морь унасан кобвой эрс, модон лангуун дээрх текилла, үхэгсдийн баярын өдөр, Майягийн эртний соёл санаанд бууна. Рулфо тэдгээрээс үхэгсдийн баяр, кобвой эрсийн морин дэл дээр салхи залгилан хийсэх эрх чөлөөг чухалчлан үздэг байсан нь илт. Тийнхүү тэр Комала тосгон буюу үхэгсдийн хотыг бүтээжээ. Комала бол яг л Макандо шиг бодитоор оршдоггүй газар. Гэхдээ бидний ухамсар гээч нь бодитоос илүү бодит зүйл мөн бол эдгээр тосгод ч үүнтэй ижил гэх сэтгэлээр зохиолд хандахад буруудах зүйлгүй.
Харамсалтай нь Комала бол хот биш гэж хэлмээр байгааг минь хүлцэнэ үү. Тэр газар бол хүний сэтгэлийн цөхрөл, уналт, шаналалын туйл дахь орон зайн биелэл билээ. Газрын хөрс нь хуурайшиж, халуу шатсан газарт дусал чийг нэвчих нь зөвхөн нүгэлтний нүднээс унасан нулимс байх болно. Тиймээс ч Рулфо Комалаг дүрслэн бичихдээ байгаль, эд юмсын бодит чанарыг бус хүний сэтгэлийн дотоод ахуйг сандаачсан шиг бодогддог. Тэнд шувууд жиргэх нь үгүй боловч шувуудын дуу алс холоос бүгтхэн сонсогдох зовлонгийн хэмжээг улам тодруулж, салхи үлээхгүйгээр үл барам шивнэх төдий л байна. Хотын гудамж талбай, сүм хийд бүгдээр хүний аажим аажмаар эмтрэн унаж буй сэтгэлийн дүр төрхийг илтгэх шиг болно. Энд магад хүмүүс байхгүй. Хүн хэмээн сэтгэгдэж буй тэдгээр дүрснүүд ердөө дотроос чинь амилсан, тухайн хүмүүсийн талаарх дурдатгал төдий билээ.

Өөр нэг чухал өгүүлэмж бол Комалагийн иргэд. Тэдэнд залбирах эрх байхгүй, өршөөл нигүүсэл тэднийг чиглэхгүй. Нүгэлтэн бүр өөрсдийн нэртэй боловч нүгэл бүр нь хэлбэр дүрстэй, уй гашуу нь бүгд дуу хоолойтой. Тиймдээ ч Комала бол дурсамжийг арилгаж болдоггүй тийм газар. Нүгэл, цээрлэл, дурсамж, харуулсын нийлбэрийг цогцлоон бүтээсэн эл газарт уншигчид амьдрал, үхлийн хоорон дахь хоосон орон зайд хөвөх болно. Харин одоо үнэнийг та бүхэн ойлгосон болов уу. Комала бол үхэгсдийн хот. Тэнд гол дүрийн Хуан Пресиадо (амьд хүн) гэх залуу ээждээ өгсөн амлалтаа биелүүлэхээр Педро Парамог хайн иржээ. Уг эрхэм түүний аав байлаа.
Үнэндээ энд Хуан Пресиадог бус Педро Парамог бид илүү чухалчлан авч үзэх хэрэгтэй. Түүнийг юуны учир хотын ахлагч мэтээр дүрсэлснийг тунгаан үзвэл сүнснүүдэд хүртэл бурхан хэрэгтэй байсан шиг бодогдоно. Гэвч тэр бурхан нь гэгээрэлд болоод аливаа номлолд үл хөтлөх бие сэтгэлээрээ үхлийн дүрд хувирсан нэгэн байв. Үүгээрээ чухам эл дүр амьдралын хэтэрхий хүнд, бараан талыг бэлгэддэг агаад уншигчийг туулж яваа бүхнээ дахин эргэцүүлэхэд хүргэдэг.
Педро Парамо бол үнэндээ аав, амраг, хань нөхөр, эрх мэдэлтэй захирагч биш. Тэр бол нийгмийн даргуйлал, хүсэл шунал, бурангуй үйл, гасланд унасан хайр дурлалыг өөртөө нэгтгэсэн дүр. Энэ хүн Комалагийн бүхий л зүдгүүрт мөн чанарыг нэвчээсэн зовлонг цөмийг нь өөртөө агуулна. Учир нь тэрээр амьдралд сөхөрч, бүгдэд бууж өгсөн боловч үхсэн хойноо тайвширсангүй. Үнэндээ Парамогийн идэвхтэй байдал романд цөөн боловч яг түүнийг тойрсон, түүнээс хамаарал бүхий хүүрнэгч, дүрүүдийн дуу хоолой асар их байдаг. Энэ нь Парамогийн амьдрал дээрх цөхрөлөөс үүдсэн дотоод хоосролынх нь тусгал болно.
Уг хоосрол юунаас болж үүссэн бэ гэдгийг харин Сусанитагийн дүрээс эрэх шаардлагатай тулгардаг. Парамогийн аж төрөхүйн цорын ганц аз жаргалын эх нь тэр байсан боловч Сусанитаг мөнхөд алддаг. Ийнхүү тэр өөрийн алдааг тун хорон аргаар нөхөх гэж оролдсон нь бусдын сэтгэлийг өмчлөх гэсэн атгаг хүслийн галыг өрдөнө. Тэрхүү гал Комалаг бүхэлд нь бүрхчихсэн байгааг бид романы төгсгөл рүү дөтлөх тусам улам ч тодорхой хардаг.
Романд хөндсөн хамгийн чухал сэдвүүдийн нэг бол үхэл. Рулфогийн үзсэнээр үхэл бол амьдралын төгсгөл эсвээс дараагийн оршихуйн эхлэл ч биш. Харин байх л ёстой буюу зайлбаргүйгээр бүтээгдсэн тэр л оршихуйн ердийн нэгэн талбар болж хувирдаг. Тус талбар дээр үхлийн талаарх элдэв гүн ухааны тайлбаруудыг мартах хэрэгтэй.
Зохиолд өгүүлснээр найдварын утас тасрахад амьдралаас өөр цаг хугацааны бодит урсац дунд сүнсийг чинь тосох бус тэрхүү урсгал дундаас хамгийн гэгээн дурсамжийг чинь зэрвэсхэн харуулах л үүрэгтэй. Тийм л үхлийн уран яруу дүрслэлүүдийг сүнснүүдийн хоолойтой хамт эгшиглүүлж, уншигчийн мэдрэмж рүү шүлгийн мөрүүд шиг нэвтэрснээр дурсамжийн хэлийг бүтээдэг нь Рулфогийн онцлог. Магадгүй үүнийг л Маркес жинхэнэ шидэт реализмын мөн чанар хэмээн хүлээн зөвшөөрсөн хэрэг болов уу.
Түүний дүрүүд амьгүй боловч зарим нь өөрсдийнхөө үл оршихуйд эргэлзэнэ. Тэд хоорондоо харилцаж, өөр өөрсдийн үзэл бодлоо дэлгэх ч нэг нь өөрийгөө бусдад ойлгуулахыг хичээхэд нөгөө нь түүнийг хэдийнэ байхгүй хүн шигээр дурсаж, харин гурав дахь этгээд мөнөөх тайлбарт итгэж байгаагаа эргэлзэлгүй илэрхийлнэ. Тэгэхээр энд цаг хугацааны дараалал үйлчлэхгүй гэсэн үг.

1921 оны зургаадугаар сарын 2-ны өдөр. Кетчум хот дахь хувийн сууцандаа дөнгөж эмнэлгээс гараад байсан суут зохиолч Эрнест Хемингуэй шувууны буугаар өөрийгөө буудан хороожээ. Яг тэр эмгэнэлт өдөр Маркес уран зохиолын ертөнц дэх дуулиант үхлийн талаар сонсож суухдаа Хуан Рулфогийн номыг уншсан байна. Энэ талаараа тэрээр “Би Мексикт ирсэн нь яг л Эрнест Хемингуэй буугаа өөр дээрээ тавьсан тэр өдөр... Би Хуан Рулфогийн номыг унших нь байтугай нэрийг нь ч дуулж байсангүй. Энэ тун хачин хэрэг байлаа. Учир нь тэр үед би уран зохиолын ертөнцийн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг тогтмол уншдаг байсан төдийгүй Латин Америкийн романуудын талаар өргөн мэдлэгтэй байв. Хоёрдугаарт гэвэл Мексикт ирээд анхлан холбоо тогтоосон хүмүүс маань Мануэль Барбачано Понсегийн “Дракулагийн цайз”-д ажилладаг уран бүтээлчид болох Кордоба гудамжны “Novedades” утга зохиолын сэтгүүлийн редакторууд байсан бөгөөд тэргүүн нь Фернандо Бенитез байв. Мэдээж тэд бүгдээрээ Хуан Рулфог маш сайн мэддэг байлаа. Гэвч надад түүнийг дурдах хүртэл бүтэн зургаан сар өнгөрсөн юм. Магадгүй энэ нь Хуан Рулфо бусад зохиолчдоос ялгаатай нь асар их уншигддаг боловч тун бага яригддаг байсан учраас тэр биз” хэмээн дурссан удаатай.
Их уншигддаг боловч, хүмүүс төдийлөн мэддэггүй зохиолч. Хуан Рулфог унших нь Борхесийн өгүүллэгт гардаг учир нь эс олдох төөрдөг хонгил, элчилгүй элсэн манхан дундуур бэдчихтэй адил санагддаг. Эхний хуудаснаас ямар нэгэн дуу хоолой, салхины чимээ хүртэл сонсохгүй. Харин дараагийн хуудаснаас хүний дотоод дахь хамгийн ээдрээтэй, дүрслэхийн аргагүй гунигийн цөөрөм рүү шумбачих шиг болсноо анзаарч эхэлнэ. Түүний “Педро Парамо” бол үхэл дунд өрнөсөн амьдралын тухай роман. Эцгээ олохоор Комала руу очих гол дүрийн аялалаас эхлээд л ямар нэгэн жигтэй ертөнц рүү алхаж буйгаа мэдэрнэ. Тэнд амьд, үхсэн хоёрын зааг ялгаа үгүй агаад зүүд, бодит ахуй нэгэн шугамд давхацсан хөрст газар та хөл тавих болно. Харин уншигч танд Рулфогийн өмнөөс сайхан зүүд хүсье.
Б.Алтанхуяг