
Жил бүрийн долоодугаар сарын 10-нд Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг 2009 оноос тэмдэглэж эхэлсэн юм. Одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Сүхбаатар нарын УИХ-д анх удаа сонгогдсон залуу гишүүд тухайн үед Төрийн далбааны өдөртэй болох тухай санал санаачилга гаргаж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж байлаа.
Төрийн далбааны өдөрт зориулан долоодугаар сарын 10-нд цэргийн ёслолын жагсаал зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд уг жагсаалыг илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр буюу цэргийн салбарын хэллэгээр дэлгэмэл жагсаал зохион байгуулж байна. Ингэж зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Засгийн газраас гаргасан юм. Энэ талаар Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийсэн. Тэрээр "Энэ жил Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр цэргүүд бүрэн зэвсэг, техниктэйгээр ёслолын жагсаалд оролцоно. Бүрэн дэлгэмэл жагсаал зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэж, үүнд шаардлагатай зардлыг баталсан.
Төрийн 8500 гаруй цэрэг, хууль сахиулагч жагсана. 90 гаруй техник, байлдааны нисдэг тэрэг, тусгай техникийн парад давхар зохион байгуулна. Монгол Улсын батлан хамгаалах салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориулалтын техникүүдийг энэ парадаар олон нийтэд харуулна. Дотооддоо үйлдвэрлэж буй хуягласан болон хүнд, хөнгөн байлдааны машин, дронуудаа ард түмэнд танилцуулна.
2024 оноос цэргийн дүрэмт хувцасны загварыг шинэчилсэн. 3-5 төрөл байсан бол 3-4 төрлөөр нэмэгдсэн. Үүнийгээ энэ жагсаалд өмсөж оролцоно" гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа ирэх жилийн наадмын өмнө дуусна. Ирэх жил монголчууд шинэ сонгосон Ерөнхийлөгчөөрөө наадмаа нээлгэнэ. Энэ удаагийн наадам бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн Ерөнхийлөгчийн хувиар оролцож буй сүүлчийн наадам. Тийм ч учраас тэрээр их ач холбогдол өгч байгаа бололтой. Үндэсний их баяр наадмын өмнө маш олон хүнд төрийн дээд одон, медаль гардууллаа. Мөн цэргийн байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн хурандаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувиар оролцох хамгийн сүүлчийн Төрийн далбааны өдөртөө өндөр ач холбогдол өгч байна.