
Канадын дуучин, реппер Дрэйк “Fear of Missing Out” (FOMO) төслөө хөгжмийн шинэ цомог бус, “not so short film” буюу “тийм ч богино биш кино” төсөл гэдгийг зарлалаа. Тэрбээр саяхан уг бүтээлийн 25 секундын триллерийг нийтэлж, киног гэр бүлийнхэн нь найруулж, хөгжмийг нь зохиосон хэмээн танилцуулсан байна.
Тус бичлэгээс үзвэл Дрэйк тод ногоон завиар усан дээгүүр явж буй дүр зураг гарч, эмэгтэй хүний дуу хоолой амьдралын эрсдэл, хайр, өөрийгөө олох тухай өгүүлдэг ч киноны үйл явдал, дүрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор нууц хэвээр байгаа аж.
“Fear of Missing Out” өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд "YouTube"-ээр нээлтээ хийхээр товлогдсон бөгөөд АНУ-ын зүүн эргийн цагаар 21:00 цагт цацагдана.
Дрэйк өнгөрсөн наймдугаар сараас “FOMO 2026” гэсэн бичигтэй гэр бүлийн хуучин гэрэл зургууд, киноны нэр бүхий CD-ийн хайрцаг зэрэг нууцлаг мэдээллүүдийг ээлж дараалан нийтэлж, шинэ цомог, хөгжмийн видео эсвэл аялан тоглолтын зарлал байж магадгүй гэсэн таамгийг үүсгэсэн юм. Харин ийнхүү кино болохыг баталснаар түүний энэ жилийн уран бүтээл хөгжмөөс кино, дүрслэх урлагийн хэлбэр рүү өргөжиж байна.