
Готик уур амьсгал, этгээд дүрүүд, бараан хошигнол, үлгэрийн мэт атлаа үл ялиг жихүүдэс төрүүлэм ертөнцөөрөө танигдсан найруулагч Тим Буртон анимейшний шинэ төсөл дээр ажиллаж байгаагаа Мексикийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрээр зохиолын ажилдаа анхаарч байгаа бөгөөд уг төслийг үргэлжлүүлэхдээ ихээхэн догдолж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ киноны нэр, үйл явдал, дүрүүд, гарах хугацаа болон анимейшний төрлийг тухайн үедээ дэлгээгүй юм.
Буртоны хамгийн алдартай анимейшн бүтээлүүдэд "The Nightmare Before Christmas", "Corpse Bride", "Frankenweenie" зэргийг багтааж болно. Эдгээр киноны өвөрмөц дүрслэл, гараар бүтээсэн мэт барзгар бүтэц, гэрэл сүүдрийн тоглолт нь түүний уран бүтээлийн таних тэмдэг болжээ. Тиймээс шинэ төсөл нь түүний анимейшний уран бүтээлд дахин томоохон байр суурь эзлэх бүтээл болох нь гарцаагүй хэмээн судлаачид таамаглаж байгаа аж.