
Канадын Ерөнхий сайд Марк Карни Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах үеэр хоёр улс 10 жилийн хугацаатай уран нийлүүлэх гэрээ байгуулж, муудсан дипломат харилцаагаа сэргээлээ.
Канадын Ерөнхий сайд Энэтхэгт хийж буй айлчлалаа “түншлэлийн шинэ эрин үе” гэж нэрлэж, Энэтхэгийн Ерөнхий сайдтай хамт мэдэгдэл хийхдээ үүнийгээ зарласан. Хоёр улс эрчим хүч, худалдаа, боловсролын салбарт олон гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.
Марк Карни “Энэ айлчлал хүнд үеийн төгсгөлийг илэрхийлэхээс гадна өөртөө итгэлтэй, бие биеэ нөхөх чадвартай хоёр улсын илүү амбицтай шинэ түншлэлийн эхлэл болж байна” гэж хэлжээ. Мөн “Бид Канад–Энэтхэгийн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг урагшлуулж байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд дуусгах зорилготой байна” гэдгийг онцолсон байна.
2023–2024 онд Канадын өмнөх засгийн газар Энэтхэгийн нууц ажилтнууд Британийн Колумб мужид Сикхийн салан тусгаарлагчийг хөнөөсөн хэрэгт оролцсон гэж буруутгасны дараа хоёр улсын харилцаа эрс муудсан. Үүний дараа дипломат ажилтнуудыг харилцан хөөх, худалдааны хэлэлцээ зогсох зэрэг үйл явдал болсон. Харин одоо хоёр тал өргөн хүрээний эдийн засгийн түншлэл байгуулахыг зорьж байгаа бөгөөд албан тушаалтнууд Энэтхэг “аюул заналхийлэл байхаа больсон” гэж мэдэгдэж эхэлсэн юм.
Карни Канадын Cameco компани Энэтхэгт урт хугацаанд уран нийлүүлэх гэрээ байгуулсан талаар ам алдсан. Нийт 1.9 тэрбум ам.долларын үнэ бүхий энэ гэрээ Энэтхэгийн өргөжин тэлж буй цөмийн эрчим хүчний салбарыг Канадын уранаар хангана. Канад нь дэлхийн хоёр дахь том уран үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн нийт олборлолтын 13–15 хувийг эзэлдэг. Cameco бол Саскачеван мужид төвтэй, дэлхийн хамгийн том нээлттэй арилжаалагддаг уран олборлогч компаниудын нэг юм.
Энэтхэг эрчим хүчний аюулгүй байдлынхаа стратегийн гол тулгуур болгон цөмийн эрчим хүчийг өргөжүүлэх төлөвлөгөөг хурдасгаж байгаа үед энэ гэрээ байгуулагдлаа. Одоогоор цөмийн эрчим хүч Энэтхэгийн цахилгаан үйлдвэрлэлийн 3 орчим хувийг бүрдүүлдэг.
Тус улс 22 реактор 6780 мегаваттын хүчин чадалтай ба 2031 он гэхэд хүчин чадлыг 22 480 мегаватт болгох зорилт тавьжээ. Урт хугацаанд буюу 2047 он гэхэд 100 гигаватт цөмийн хүчин чадалтай болох төлөвлөгөөтэй байгаа аж.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Энэтхэг цөмийн салбараа анх удаа хувийн хөрөнгө оруулалтад нээх хууль санаачилсан. Энэ нь засгийн газраас сонгогдсон компаниудад реактор барьж, ажиллуулах боломж олгох юм. Түүнчлэн энэ хууль хувийн компаниудад уран импортлох, боловсруулах эрх олгож буй.
Энэтхэгийн дотоодын ураны олборлолт хязгаарлагдмал тул урт хугацааны импортын гэрээ улам чухал болж байна. Энэтхэг жилд ойролцоогоор 600 тонн уран олборлодог бол реакторуудын хэрэгцээ хүчин чадал нэмэгдэхийн хэрээр 1800 тонноос давах төлөвтэй байна.
Тус улсын ихэнх ураны орд бага агууламжтай бөгөөд илүү олон, хөнгөн усан реактор баригдах нь импортын түлшнээс хараат байдлыг нэмэгдүүлэх аж.
Энэтхэгийн цахилгаан эрчим хүчний эрэлт 2024 онтой харьцуулахад 2030 он гэхэд ойролцоогоор гурав дахин өсөх төлөвтэй байна. Учир нь дэлхийн хамгийн хурдан өсөлттэй эдийн засагтай энэ улс аж үйлдвэрээ өргөжүүлж байгаатай холбоотой.
Энэтхэгийн Канад дахь дээд комиссар Динеш Патнаик хэлэхдээ тус улс эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд Канадаас санал болгож буй бараг бүх зүйлийг худалдан авахад бэлэн гэжээ. Тэрээр ураны тухайд “Бид боломжтой бүхнийг авахад бэлэн. Цөмийн салбар бол бидний хамтран ажиллахыг хүсэж буй маш том талбар” гэж нэмж хэлжээ.
Энэтхэг газрын тос, байгалийн хийнхээ ихэнхийг импортолдог. Дэлхийн худалдаа улам тогтворгүй болж, Энэтхэг Оросын нефть худалдан авах асуудлаар АНУ-тай зөрчилдөж байгаа, мөн Ойрхи Дорнодын дайн болон Ормузын хоолой хаагдаж болзошгүй гэсэн эрсдэл эрчим хүчний зах зээлийг савлуулж байгаа үед тус улс найдвартай урт хугацааны түлшний нийлүүлэлтээ баталгаажуулахыг эрмэлзэж байна.
Канадын хувьд энэ гэрээ нь Карнигийн зорилго болох АНУ-аас гаднах Азийн зах зээлд найдвартай эрчим хүч нийлүүлэгч болох байр суурийг бэхжүүлж байна. Өнөөг хүртэл Канадын түүхий нефтийн экспортын ихэнх нь АНУ руу чиглэж байсан. Гэвч АНУ-Канадын харилцаа сүүлийн саруудад хурцадсан бөгөөд ерөнхийлөгч Доналд Трамп Канад улсыг АНУ-ын 51 дэх муж гэж хошигнон хэлсэн нь маргаан үүсгэсэн.
Карни айлчлалынхаа үеэр X дээр “Team Canada энд тодорхой зорилготой ирлээ. Мужийн удирдагчид, сайд нар болон би Мумбайд байж Энэтхэгтэй хийх худалдаагаа хоёр дахин нэмэгдүүлэх, эрчим хүчний түншлэл байгуулах, их хэмжээний шинэ хөрөнгө оруулалт татах талаар ажиллаж байна. Ингэснээр илүү хүчирхэг, тогтвортой Канадын эдийн засгийг бий болгоно” гэж бичжээ.