Төв Африкийн Бүгд найрамдах улсын нийслэл Бангуй хотод ахлах ангийн сурагчид улсын шалгалт өгөх үеэр цахилгаан трансформатор дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн дараа хүмүүс үймж бужигнах үеэр 29 хүүхэд олны хөлд дарагдаж амь эрсэдсэн байна.

Тус улсын Ерөнхийлөгч Фостин Арчэнж Тоуадера болсон явдалд гүн эмгэнэл илэрхийллээ. Ерөнхийлөгч ахлах ангийн сурагчид эмгэнэлтэйгээр амь насаа алдсан явдалд харуусаж улс орон даяар гурав хоногийн гашуудал зарласан байна. 

Цахилгаан трансформатор дэлбэрэх үеэр Бартелеми Боганда сургуулийн байранд 5300 хүүхэд шалгалт өгч байжээ. Тэд их дээд сургуульд элсэн орох шалгалтынхаа хоёр дахь өдрийн шалгалтыг өгч байжээ. Гэнэт дэлбэрэлт болох үед хүмүүс цочролд орж бүгд гарахыг оролдож хаалган дээр бөөгнөрсөн байна. Зарим хүүхдүүд амь аврагдахын тулд цонхоор үсэрч буужээ. Ослын үеэр эрүүл мэндийн яаралтай тусламжийн машинууд хүрэлцээгүй байсан тул мотоцикл, ачаатай машинууд гэмтэж бэртсэн сурагчид болон багш нарыг эмнэлэг рүү тээвэрлэж тусалсан байна.

Төв Африкийн бүгд найрамдах улс нь дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг. Гэнэтийн ослын дараа нийслэлийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрсэн байна. Ослын газарт НҮБ-ын энхийг сахиулагчид, цагдаа нар, аюулгүйн хүчнийхэн иржээ. Тус улсын Боловсролын яам үүссэн нөхцөл байдалд яаралтай хариу арга хэмжээ авч, элсэлтийн шалгалтыг нэн даруй дахин зохион байгуулна гэж мэдэгджээ. Харин сөрөг хүчний Үндсэн хуулийг хамгаалах бүгд найрамдахчуудын эвсэл эрх баригчдыг уг осолд буруутгаж, хариуцлага нэхэж байна. Учир нь шалгалтын үеэр сургуулийн орчин болоод сурагчдын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаарал хандуулж чадаагүй хэмээн буруутгалаа.