
Их Британийн утга зохиолын хүрээнд үүсэж, Лондоны кофе шопуудад “улс төрийн халууныг хэмжих” хэлэлцүүлэг маягийн ярианууд өдгөө дэлхий даяар улс төрчдийн рейтингийг судладаг, өнгөрсөн, одоо, ирээдүйг нь холбон зурагладаг үр дүнтэй барометер болсон.
“МЭК” судалгааны байгууллага гэх эх сурвалжтай монголын улс төрчдийн рейтингийн судалгаа өчигдрөөс эхлэн сошиал орчин, сайтуудаар цацагдав.
Улс төрчдийн рейтингийн судалгааг сар бүр хийж, танилцуулдаг гэх “МЭК”-ийн 2026 оны нэгдүгээр сарын судалгааны Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдөөр
1. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
2. Ерөнхий сайд Г.Занданшатар
3. Ардчилсан намын дарга
4. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
5. УИХ-ын дарга Н.Учрал
6. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нар тодорчээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 6.2/10 оноотой байснаа хадгалсан гэнэ. Ерөнхийлөгчийн "Гадаад харилцаа сайжирсан", "Шударга", "Тэрбум мод хөтөлбөр", "Хүнсний хувьсгал эхлүүлсэн" гэсэн иргэдийн сайшаал, магтаал нэгдүгээр байрт оруулсан бол "Үнийн өсөлт", "Иргэдийн амьдралын доройтол", "Иргэдээ сонсдоггүй" хэмээх сөрөг сэтгэгдэл л байсан аж.
Хотын дарга Х.Нямбаатарын рейтинг нь өссөөр байгаа гэсэн дүнг энэ сарын судалгаандаа “МЭК” онцлон дурдсаныг мэдээллийн сайтууд, сошиал хуудсууд ч онцолжээ. Хотын даргаа иргэд дүгнэхдээ "Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар торгож эхэлсэн", "Замын түгжрэл бууруулах санаачилга", "Утааг бууруулж байна" хэмээн сайшаасан гэнэ. Зарим нь "Утаа буураагүй байдал", "Цахилгааны хязгаарлалт", "Хятадаас нүүрс худалдаж авсан явдал", "Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар торгож эхэлсэн", "Татварын байцаагч нарыг аялуулсан явдал"-д шүүмлэлтэй хандсан байна. Улмаар үйл ажиллагааг 3.3 оноогоор үнэлжээ.

“Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар торгож эхэлсэн” гэдэг асуудал нь өөрөө магтаал, шүүмжлэлийг давхар авсан нь үнэн. Гэхдээ аль нь давамгай байсан нь судалгааны дүнгээс тодорхой харагдахгүй байна. Уг нь хамгийн сонирхолтой тоо энд байж, тэр тоон дүнгээс нь дүгнэлт нь гарсан баймаар.
Үнэндээ улс төрчдийн рейтинг гэдэг нь улс төрч, нам, эсвэл төрийн удирдагчдын олон нийтийн дэмжлэг, итгэл, нэр хүндийн түвшинг судалгааны аргаар хэмжиж эрэмбэлсэн үзүүлэлт байдаг. Үүнийг хийх үндсэн зорилго нь товчхондоо
- Олон нийтийн санал бодлыг хэмжих буюу иргэд тухайн улс төрчийг дэмжиж байна уу, эсэргүүцэж байна уу гэдгийг бодитоор тодорхойлох, нэмээд тэрхүү улс төрчийн ямар бодлого, үйлдэл эерэг, эсвэл сөрөг үнэлгээ авч байгааг харах байдаг. Улс төрчид юунд ашиглах нь ойлгомжтой бол хэвлэл мэдээллийнхэн уг рейтингийг ашиглан нийгмийн уур амьсгал, чиг хандлагыг тайлбарлахдаа ашиглаж болно.
Харамсалтай нь буруу, худал, муу хийсэн судалгаа мэдээж эрсдэл дагуулна. Нэмж анхааруулах нэг зүйл нь иргэд энэ төрлийн судалгааг анхаарч хардаг, үнэн худлыг өөрсдийнхөөрөө шүүн тунгааж байдаг. Санаатай, санаандгүйгээр олон нийтийг төөрөгдүүлэх, улс төрийн манипуляц хийх далд санаа зорилго ч заримдаа үүргээ гүйцэтгэх нь бий.
Тэгвэл найдвартай, үнэн бодит судалгааг хэрхэн таних вэ?
Арга зүй нь бүрэн ил тод уу?
Найдвартай рейтинг нь
- Судалгаа хийсэн байгууллагын нэр
- Захиалагч хэн бэ
- Түүврийн хэмжээ (n=?)
- Судалгааны арга (нүүр тулсан, утсаар, онлайн гэх мэт)
- Хугацаа (хэзээ авсан)
- Алдааны хязгаар (±%) гэсэн үзүүлэлтүүдээ нээлттэй бичсэн байдаг. Аль нэг нь үгүй бол үр дүн нь эргэлзээтэй.
Түүвэр нь бодит төлөөлөлтэй байна уу?
- Судалгаанд хамрагдагсдын нас, хүйс, бүс нутаг, хот болон орон нутгийн иргэдийн харьцаа тохиромжтой байна уу? Тодруулбал,
- Зөвхөн хотын иргэдээс авсан бол учир дутагдалтай
- Зөвхөн интернэт сүлжээнд хамрагдсан хүмүүс бол
- Нэг аймаг, нэг насны бүлэг дээр суурилбал ерөнхий дүгнэлт хийх боломжгүй байдаг.
Асуулт нь төвийг сахисан байна уу?
Чиглүүлсэн асуулт хамгийн муу асуулт байдаг. Тухайлбал,
- “Авлигын асуудалд холбогдсон X улстөрчид та итгэх үү?” гэх мэтчилэн асуувал асуултаараа хариугаа удирддаг гэж үздэг.
Үр дүнг бүрэн нийтэлсэн байна уу?
Найдвартай судалгаа бол
- “Мэдэхгүй”, “хариулаагүй” гэсэн ангиллыг нуудаггүй байх
- Сөрөг, эерэг, саармаг бүх хувилбарыг харуулсан байх
- Зөвхөн өөрт ашигтай хэсгийг тасалж нийтлээгүй байх
Алдааны хязгаарыг зөв тайлбарлаж уу? Жишээлбэл,
Хоёр улс төрчийн үр дүнг 42% ба 40% гэсэн байвал судалгааны алдааны хязгаар ±3% бол ялалт тодорхой биш буюу зөрүү их биш тооцож болно. Гэтэл илтэд “нэг нь илт давамгайлж байна” гэх зэргээр тайлбарлавал уг судалгааны зорилго нь манипуляц байр магадлал маш өндөр.
Цаг хугацааны логиктой байна уу?
Тухайн улс төрчийн рейтинг огцом дээшлэх эсвэл буурах нь ойрын үед болсон том үйл явдалтай (түүнтэй холбоотой скандал, хувь улс төрчийн шийдвэр) холбоотой байна уу, үгүй юу гэдэгтэй шууд холбоотой байх нь нийтлэг. Хэрэв ийм үйл явдал, бодлого шийдвэрийн уялдаа холбоогүй бол үр дүн нь үнэхэээр эргэлзээтэй гэсэн үг.
Судалгааны байгууллагын нэр хүнд хэр вэ?
Хэрэв судалгааны байгууллага “Өөрсдөө рейтинг хийдэг, өөрсдөө тайлбарладаг” улс төрийн штаб бол судалгааны байгууллагад тооцогддоггүй байна.
Хэрвээ улс төрчдийн рейтингийн судалгааны
- Захиалагч нууц
- Түүвэр хэдэн хүн бэ гэдэг тодорхойгүй
- “Ард түмэн дэмжиж байна” гэх мэт тоон бус хэллэг, гарчигтай
- Зөвхөн Facebook, эсвэл тэгш бус санал асуулга
- Зөвхөн нэг улс төрчийг онцлон харуулсан (эсвэл бусад ижил төсгүй хүмүүстэй харьцуулан харуулсан) рейтинг цацагдаж байвал энэ бүхэн улс төрийн манипуляц байдаг аж.
Одоо өмнөх судалгаагаа эргэн нэг харцгаая. Тэгээд үр дүнг нь шүүмжлэлтэйгээр шинжилээд нэг үзээрэй.