Серби, Монтенегрогийн улсын иргэн Зоран Лепойич 2002 оны наймдугаар сард сонгуулийн кампанит ажлын үеэр “Дарангуйлагч хотын дарга” гэсэн гарчигтай нийтлэлдээ Бабушница хотын дарга Петар Йончичийг шүүмжлэхийн зэрэгцээ баримтаар нотлогдох шинжтэй хэд хэдэн тодорхой мэдэгдлийг багтаасан байлаа.
Иргэдийн мөнгийг ивээн тэтгэлэг, тансаг зоогт ... солиотой мэтээр үрсээр байна...” хэмээн шүүмжлэхийн зэрэгцээ холбогдсон асуудлуудыг нь баримтаар нотолж, өмнөх хэргүүдийг нь ч сөхсөн Лепойичийн нийтлэлийг хотын дарга Петар Йончич өөрийн нэр төр, алдар хүндэд халдсан гэж үзэн эрүүгийн гүтгэлгийн хэрэг үүсгүүлж, мөн дараа нь иргэний журмаар хохирол нэхэмжлэн найман сарын цалинтай тэнцэхүйц мөнгөөр торгуулах хүсэлт тавьжээ. Дотоодын шүүх Лепойичийг гүтгэлгийн гэмт хэрэгт буруутайд тооцохдоо “хотын даргын нэр төр, алдар хүнд, эрхэм чанар нь жирийн иргэнийхээс илүү ач холбогдолтой”, учир нь тэрээр сонгогдсон хотын дарга төдийгүй тухайн орон нутгийн компанийн амжилттай захирал байсан хэмээн үзсэн нь Сербийн шүүхийг Европын холбооны шүүхийн тавцанд аваачсан юм.
Европын холбооны хүний эрхийн шүүхэд давж заалдсан Лепойич энэ шатанд заргаа авсан төдийгүй иргэддээ гомдсон дарга нарын хэргийг хэрхэн шийдэх асуудалд нэг өнцөг нэмсэн сонирхолтой кэйс болжээ. Энэ кэйс төрийн албан тушаалтан хуулиар илүү хамгаалагдсан биш, харин эсрэгээрээ албан тушаалынхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа үедээ илүү өргөн хүрээний шүүмжлэл хүлээн авах ёстой гэсэн зарчмыг илүү хөнджээ.
Өнөөдөр манай улсад Лепойичийн хэрэгтэй тун төстэй хэрэг үүсээд буй нь иргэн Г.Уянгын эсрэг гаргасан Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын нэхэмжлэл. “Save TUUL” хөдөлгөөнийг эхлүүлж, Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа огцрохыг шаардан, Туулын хурдны замыг барихтай холбоотой баримтуудыг дэлгэсэн иргэн Г.Уянгыг хотын дарга асан Х.Нямбаатар “Г.Уянга 46 сая дагагчтай хуудсаараа намайг хулгайч гэж бичсэн. Намайг 126 постоор 38 удаа хулгайч гэж дуудсан. Үүнээс болж иргэд, сонгогчид намайг хулгайч гэж ойлгож, надтай хулгайч мэтээр харьцаж байгаа явдал нь сэтгэл санааны хувьд асар их дарамт, ичгэвтэр байдалд оруулж байна” гэж шүүхдэж буй. Экс хотын даргын гомдлыг тайлах нэхэмжлэлийн хэмжээ нь 500 000 000 төгрөг. Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулбал энэ нь 52 жил 7 сарын цалинтай тэнцэнэ.
Манай улс Иргэний хуулиараа нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах эрхийг хүн бүрт олгосон. Иргэний хуулийн 21.2-т бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд уг мэдээллийн үнэн зөвийг нотолж чадахгүй бол няцаах үүрэгтэй гэж заасан. Мөн 511.1-д эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгуулах боломжтой гэж зохицуулдаг. Төрийн өндөр албан тушаал хашдаг ч бай, иргэн ч бай нэр төрөө хамгаалуулах бүрэн эрхтэй. Ингэхдээ хуулиар албан тушаал, зэрэг дэвээр нь ялгаж зүйлчилсэн зүйл үгүй. Тиймээс төрийн албан тушаалтан зөвхөн төрийн албан тушаалтай гэдэг шалтгаанаар нэр төрөө хамгаалуулах иргэний эрхээ алддаггүй. Гэхдээ үүнээс дараагийн маш чухал асуудал хөндөгдөнө.
Монгол Улсын хууль тогтоомжоор төрийн албан тушаалтан нь өөрийн эрхэлж буй ажил, албан тушаалтай нь холбогдуулан шүүмжилсэн иргэний эсрэг төрийн нэр барьж, эсвэл албаны давуу байдлаа ашиглан гомдол гаргах эрх зүйн үндэслэл байхгүй.
Төрийн албан тушаалтан иргэн, сэтгүүлч, судлаач, шүгэл үлээгч хэнбугайн ч эсрэг нэр төр гутаасан гэх үндэслэлээр гомдол гаргаж, иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой ч иргэний ч бай, эрүүгийн ч бай шүүхийн механизмыг ашиглан шүүмжлэгчийг дарамтлахгүй байх тусгай, басхүү өндөр босго олон улсын хүний эрхийн стандартад тавигддаг. Hэхэмжлэл нь шүүмжлэгчийг айлгах, дуугүй болгох, өр ширэнд оруулах зорилгоор дарамт хэлбэрээр ашиглагдсан эсэхээс SLAPP гэдэг ойлголт орж ирдэг.
Strategic Lawsuit Against Public Participation буюу олон нийтийн оролцоог дарах стратегийн шүүх ажиллагаа гэдэг ойлголт маш чухал. Манай улсад иргэн Г.Уянгын хэрэг дээр энэ асуудал илүү хөндөгдөж байх шиг. Европын Зөвлөл SLAPPийг олон нийтийн ашиг сонирхлын асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн хүн, сэтгүүлч, байгууллагыг дарамтлах, айлгах, дуугүй болгох зорилгоор шүүхийн ажиллагааг ашиглах хэлбэр гэж тодорхойлдог. Дааж давшгүй их мөнгө нэхэмжилснээр SLAPP болчихгүй. Харин нэхэмжлэлийн зорилго, нөхцөл байдал, нэхэмжилсэн дүн, тухайн мэдээлэл үнэхээр олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн үү, шүүмжлэлийн агуулга хааш чиглэв гэдгээс бүх зүйл тодорно.
Энэ төрлийн маргаанд хэн ялахаас хамаарч нэг бол хүмүүс үлгэр авч, урам орж хэн дуртай дарга нь шүүхээр далайлган, өндөр дүнтэй нөхөн төлбөр нэхэмжлэхээс айхаа болино, эсвэл бүр ямар ч нэмэргүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч улам айна, үгээ залгина.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд
2025 оны арваннэгдүгээр сараас 2026 оны есдүгээр сар хүртэл худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хүний нэр төр, алдар хүндэд халдсан тухай 362 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Бүртгэгдсэн гомдлын 65 орчим хувь нь төрийн өндөр албан тушаалтнуудаас гаргасан байна. Тиймээс иргэдийн нэр төрийг хамгаалах асуудлыг төрийн албан тушаалтны үйл ажиллагаанд тавьсан үндэслэл бүхий шүүмжлэлээс ялгаж, тусад нь зохицуулах шаардлагатай. Төрийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчөөгүй гэдгээ тайлбарлах, нотлох үүрэгтэй байх нь зүйтэй. Харин шүүмжилсэн иргэний эсрэг гомдол гаргах нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах эрсдэлтэй. Иймээс төрийн өндөр албан тушаалтнуудын гаргах гомдолтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох хэрэгтэй. Гэхдээ төрийн албан тушаалтныг шүүмжилсэн гэх үндэслэлээр түүний гэр бүлийн гишүүдийг гүтгэх, хувийн болон гэр бүлийн нууцад халдах ёсгүй. Хүн бүр хуулиар хамгаалуулах эрхтэй бөгөөд энэ эрхийг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг төрд бий.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар ХЭҮК-ын байр суурь тодорхой, ойлгомжтой байдаг. Комиссоос Төрийн өндөр албан тушаалтнууд иргэдийн шүүмжлэл, үзэл бодлын эсрэг хуулийн байгууллага болох цагдаа, шүүхэд гомдол гаргах нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумих эрсдэлийг бий болгодог гэдгийг анхааруулдаг. Тиймээс төрийн өндөр албан тушаалтан иргэнийхээ эсрэг гомдол гаргахгүй байх, үүнийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Төр нь иргэнийхээ эрх чөлөөг хангах, зөрчигдөхөөс хамгаалах үүрэгтэй болохоос иргэнтэйгээ өрсөлдөн гомдол гаргах нь зохимжгүй гэдгийг ч онцгойлон дурддаг.
НҮБ-ын хувьд ч “Төрийн өндөр албан тушаалтнууд ч шүүмжлэл, улс төрийн эсэргүүцлийн объект байх нь хууль ёсных” гэж тайлбарладаг. Өөр нэгэн жишээ. Өнгөрсөн наймдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.МолорЭрдэнийг баривчлан шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Философичийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчилж буй нь үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд нь халдсан эсэх талаар маргаан өнөөдөр ч талцуулсаар.
Аялагч Б.Мөнхцэлмэг
С.Молор-Эрдэнийг шалгаж байгаа нь түүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна гэж тэнэгтсээр л байна уу? Өмнөд Солонгосын инфлүүнсэр Хойд Солонгосын дэглэм, цөмийн зэвсэг гэх зэргийг дэмжиж уриалж ярьвал эрүүгийн хэрэгт татагдана. Европын ихэнхи улсууд нацистуудын түүхэн аллагыг зөвтгөж ярьвал өндөр торгууль, эсвэл эрүүгийн ялтай. Сингапурт нийгмийн эв нэгдэл, аюулгүй байдалд эрсдэл учруулах санаатай худал мэдээлэл тараавал өндөр торгууль эсвэл хорих ялтай. Үг хэлэх эрх гэдэг юу дуртайгаа донгосохыг хэлдэггүй юм шүү.
Тэгвэл Үндсэн хуулиар олгогдсон үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хязгаар хаана хүрээд тулдаг вэ? Аялагч Б.Мөнхцэлмэгийн хэлсэн үг үнэн ч агуулгын хувьд зөрчилтэй. Олон улсын эрх зүй “үзэл бодлыг” шийтгэхээс илүүтэй, тодорхой хор хөнөөлтэй илэрхийллийн хэлбэрийг хязгаарлах зарчимтай.
Хоёр Солонгосын жишээн дээр тайлбарлавал БНСУ-ын National Security Act нь үндэсний аюулгүй байдалд бодит аюул учруулахуйц үйлдэл, илэрхийлэлд чиглүүлсэн эсэхээр шүүж хязгаарлалт тавьж ирсэн. Иргэний үзэл бодол хамгаалагдах ч дайсагнагч улсын үйл ажиллагааг бодитоор дэмжих, сурталчилснаар үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй бол хязгаарлаж болно гэсэн утгатай. Ингэж шүүхдээ төр “энэ үзэл бодол буруу” гэж хориглох бус, яагаад бодит аюул үүсгэж байгааг, болзошгүй бодит үндэслэлийг тогтоох ёстой болдог.
Үүнээс илүү том хүрээтэй гэж хэлж болохуйц нацист үзлийн хувьд арьс өнгө, үндэс угсаа, шашинд суурилсан үзэн ядалтыг өдөөсөн илэрхийлэл, мөн холокост болон тодорхой олон улсын гэмт хэргийг зөвтгөх, үгүйсгэх, үл тоомсорлох үйлдлийг эрүүгийн хуулиар шийдвэрлэх хүрээг тогтоосон байдаг. Одоо, ирээдүйг шүүх бус өнгөрсөнд болсныг үгүйсгэх ёсгүй гэх зарчим. Туулж өнгөрүүлсэн зовлон, үзэн ядалт, ялгаварлан гадуурхалтын аймшигт жишээг үгүйсгэснээрээ ирээдүйд түүнээс авах ёстой сургамжийг үл тоомсорлосонтой ижил гэсэн үг. Энэ нь эргээд нийтийн ашиг сонирхлыг ч давхар хөнддөг учраас тэр. Иргэн ч бай, дарга ч бай нэр хүндтэй, түүнийгээ эрхэмлэж, хамгаалах эрхтэй. Хүн бүр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, түүнийгээ хуулиар хамгаалуулна. Хэн ч шүгэл үлээж, шүүмжилж болно, баримт нь үнэн байх хэрэгтэй ч үнэлэмж нь харилцан адилгүй учир шүүх хараат бус, шударга байдлаараа үүнийг нь зөв дэнслэх үүрэгтэй.
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг үгтэй. Иргэн албан тушаалтан болж “дэвшихээрээ” эргээд иргэнийхээ үг бүрд гомдож, үйлдэл нь шүүмжлэгдмэгц шүүх цагдаагаар гүйж дааж давшгүй их мөнгө нэхэмжилж, эрхээ мэдлээ ашиглан хянуулж шалгуулах нэрээр залхаан цээрлүүлж болохгүй гэсэн үг. Дарга иргэндээ гомдож болно, гэхдээ шүүмжлэлийг хүлцэх хэмжээ нь энгийн иргэнийхээс илүү өргөн, их байх нь албан тушаалыг нь дагалдаж явдаг байх нь.