АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын мэдээлснээр, тус улсын цэргийн дэмжлэгтэйгээр 3000 гаруй худалдааны хөлөг онгоц Ормузын хоолойгоор дамжин өнгөрчээ.
Иран улс стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойд хяналтаа тогтоохыг оролдож байгаа ч АНУ-ын цэргийн хүчин өнгөрсөн зургаадугаар сараас хойш Персийн булангийн орнуудад 1.5 тэрбум гаруй баррель газрын тос экспортлоход тусалсан гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал мэдээлжээ.
Тус командлал өнгөрсөн зургаан сарын хугацаанд АНУ-ын цэргийн дэмжлэгтэйгээр 3000 гаруй худалдааны хөлөг онгоц Ормузын хоолойгоор дамжин өнгөрсөн гэж мэдэгдэв. Мөн Ираны зүгээс заналхийлэл үргэлжилж байгаа хэдий ч сүүлийн саруудад тус хоолойгоор зорчсон хөлөг онгоцнуудын 95 гаруй хувь нь аюулгүй нэвтэрсэн байна. Энэ нь “олон улсын усан замыг АНУ болон бүс нутгийн түншүүд нь хянаж байгааг тодорхой харуулж байна” гэж командлал мэдэгджээ.
АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын командлагч, адмирал Брэд Купер бүс нутагт айлчлах үеэрээ дээрх тоон мэдээллийг танилцуулсан байна. Тэрбээр АНУ-ын армийн нисдэг тэргээр Ормузын хоолойн дээгүүр нисэж, тус бүс дэх цэргийн ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалтай танилцжээ.
“Бид Персийн булангийн түнш орнууд болон далайн тээврийн салбарынхантай мөр зэрэгцэн ажилласаар байна” гэж Купер мэдэгдэлдээ дурдсан байна.
“Энэ удаагийн айлчлал нь Ормузын хоолойгоор усан онгоц чөлөөтэй зорчих нөхцөлийг цаашид ч хангах бидний тууштай байр суурийг илэрхийлж байна” гэж тэрбээр онцолжээ.
Куперын хэлснээр, мина цэвэрлэх ажиллагаа явуулж буй цэргийн алба хаагчдын “гайхалтай хүчин чармайлтын” үр дүнд Ормузын хоолой дахь хөлөг онгоцны хөдөлгөөний үндсэн замуудыг Ираны байрлуулсан минаас цэвэрлэсэн байна.
Зах зээлийн мэдээлэл, судалгааны Kpler компанийн тооцоолсноор, есдүгээр сард тус бүс нутгаас өдөрт дор хаяж 16.5 сая баррель газрын тос экспортолсон нь Ираны экспортыг хасаж тооцсон дайны өмнөх өдрийн дундаж хэмжээтэй тэнцэж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар газрын тосны экспорт ийнхүү сэргэхэд далайд хөлөг онгоцноос хөлөг онгоц руу газрын тос шилжүүлэн ачих ажиллагаа, АНУ-ын цэргийн хамгаалалттай тээвэрлэлт болон газрын тос дамжуулах хоолойн ашиглалтыг нэмэгдүүлсэн зэрэг хүчин зүйл нөлөөлжээ.
Гэсэн хэдий ч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ дайн эхлэхээс өмнөх үеийнхээс хавьгүй өндөр хэвээр байна.
Ням гарагийн байдлаар Brent маркийн газрын тосны фьючерс үнэ нэг баррель нь ойролцоогоор 114.50 ам.долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногт сүүлийн бараг зургаан сарын дээд түвшинд хүрсэн үнээс ойролцоогоор хоёр хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин АНУ, Израил Ираны эсрэг цохилт өгч эхлэхээс нэг өдрийн өмнө буюу хоёрдугаар сарын 27-нд Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 72.48 ам.доллароор арилжаалагдаж хаагдсан байжээ.