Турк улсын баруун Измир мужид ассан ойн түймэр өнөөдөр гурав дахь хоногтоо үргэлжлэн асаж байна. Ойн түймрийн улмаас 41 суурьшлын бүсээс 50,000 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Цаг агаар хуурай, хүчтэй салхитай байгаа нь ойн түймрийг улам өдөөж байна. Түймрийн улмаас Измир мужид зарим нислэгийг цуцлахад хүрчээ.
Измирийн Сеферихисар ойн бүсээс 42,300 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн Маниса суурингаас 3,000, Хатайгаас 1,500 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Анталя хотоос хойш 10 км-т асаж байгаа түймрийг унтраахаар 211 галын машин, дөрвөн нисдэг тэрэг, 540 гал сөнөөгч тэмцэж байна.
Измирт түймэр ням гарагийн өдөр асаж эхэлсэн. Уг түймрийг ассаны дараа салхины хүч цагт 120 км-т хүрснээр богино хугацаанд өргөн хүрээг хамарчээ. Өнгөрсөн шөнө салхины хурд 40-50 км/цаг байсан тухай албаны хүмүүс мэдээлсэн байна.
Измир мужийн түймрийг унтраахаар мянга гаруй гал сөнөөгч тэмцэж байна. Гал сөнөөгчдөд дэмжлэг үзүүлэхээр дөрвөн онгоц, 14 нисдэг тэрэг, 106 галын машиныг ашиглаж байна.
Туркийн баруун хойд хэсэгт асаж байгаа өөр хоёр ойн түймрийн эрсдэлтэй бүсээс 85 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас хойш Турк улсын хэмжээнд 263 ойн түймэр асаж байгааг бүртгэсэн. Эдгээрийн 259 түймрийг цурманд оруулж чадсан байна. Харин идэвхтэй асаж байгаа үлдсэн дөрвөн түймрийг цурманд оруулахаар гал сөнөөгчид тэмцсээр байна.
Энэ жил Турк улсын хэмжээнд нийт 19,000 га талбайг түймэрт өртсөн байна.
Туркээс гадна Европын бусад орнууд, төвийн бүсээр ойрын өдрүүдэд цаг агаар хэт халж байна. Цаг агаар хэт халах үеэр ойн түймэр гарах эрсдэл улам нэмэгддэг тул иргэдийг эрсдэлтэй бүсээс гарахыг эрх баригчид нь сэрэмжлүүлээд байгаа юм.
Европ тивийн орнуудаас хамгийн их халж байгаа нь Испани улс. Тус улсад агаарын температур цельсийн 46 хэмд хүрсэн. Энэ мэтчилэн цаг агаарын эрс тэс үзэгдлүүд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн цаг уурын нөлөө гэдгийг хүрээлэн буй орчныг хамгаалагчид сануулсаар байна.