
Балендра Шах нь өнгөрсөн жил Непалд болсон залуусын хөдөлгөөнд гол үүрэг гүйцэтгэсэн улстөрийн шинэ лидер болж тодорсон бөгөөд саяхан болсон парламентын сонгуулийн дүнгээр улсын хамгийн залуу Ерөнхий сайд болох магадлалтай хүнээр тодорсон.
Өнгөрсөн жилийн Зэт үеийн залуусын удирдсан иргэний эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр хүчтэй дуу хоолой болсон Непалын рэп од Шахын нам парламентын сонгуулийн санал тооллогоор тэргүүлснийг албан ёсны дүн харуулжээ.
Непалын сонгуулийн хорооноос гаргасан урьдчилсан дүнгээр Шахын төв чиглэлийн улс төрийн хүчин болох Растрияа Сватантра нам санал тооллогоор тэргүүн байр эзэлсэн байна. Энэ нам дөрвөн жил хүрэхгүй хугацааны өмнө байгуулагдсан юм.
Associated Press агентлагийн мэдээлснээр тус нам парламентын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын 165 шууд сонгогддог суудлаас 117-г нь хэдийн авчээ. Мөн пропорциональ төлөөллийн суудал хуваарилахад ашигладаг намын жагсаалтын санал хураалтад ч тэргүүлж байгаа аж.
Энэ үр дүн нь 30 сая орчим хүн амтай Гималайн улс Непалын улс төрд томоохон өөрчлөлт авчирч байна. Шах сонгуульд Непалын дөрвөн удаагийн Ерөнхий сайд байсан Кадга Прасад Шарма Олиг ялжээ.
74 настай Оли X сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Шахт баяр хүргэж, “амжилттай, тайван цаг хугацааг” ерөөсөн байна.
Сүүлийн хэдэн арван жилийн турш Непалын эрх мэдэл голчлон уламжлалт намуудын хооронд шилжиж ирсэн. Эдгээр намын удирдагчид 1990-ээд оноос хойш Непалын улс төрд давамгайлж ирсэн юм.
Хүмүүсийн дунд найдвар сэргээсэн гол хүн бол “Бален” нэрээр олонд танигдсан Шах гэж олон хүн үздэг. Намынх нь дэмжигчид түүнийг хэд хэдэн тойрогт ялалт байгуулсны дараа цэцгэн хэлхээ, баглаа, алчуур өгч баяр хүргэн, духанд нь улаан нунтаг (вермилион) түрхэн баяраа тэмдэглэжээ.
Растрияа Сватантра намын гишүүн, сайн дурын ажилтан Хагендра Чапагайн Associated Press агентлагт хэлэхдээ “Ирээдүйн Ерөнхий сайд Шах улс орны хөгжлийн асуудал дээр ямар ч буулт хийхгүй гэдгээ тодорхой хэлсэн” гэжээ.

Рэп дуучнаас улс төрийн лидер хүртэл
35 настай Шахын улс төрд хүрсэн замналыг ер бусын гэж хэлж болно.
Тэрээр мэргэжлээрээ дэд бүтцийн инженер ч рэп уран бүтээлчээрээ алдаршсан. Дараа нь Катманду хотын захирагч болж улмаар өнгөрсөн жилийн залуусын эсэргүүцлийн хөдөлгөөний гол лидерүүдийн нэг болсон юм. Түүний нэр хүнд өсөх үед Непалын залуусын дунд улс төрийн системээ эсэргүүцэх явдал хүчтэй байв. Олон залуус улс төрийн элитүүдийг авлига, танил талын сүлжээ, ажилгүйдлийн асуудлыг шийдэж чадахгүй байгаа гэж буруутгадаг. Шах анх Непалын хип-хоп ертөнцөд уран бүтээлчээр танигдсан. Тэрээр 2013 онд Raw Barz нэртэй рэп тулаанд оролцсоны дараа түүний нэр улс даяар танигдсан. Түүний дуунууд ихэвчлэн улс төрийн авлига, нийгмийн тэгш бус байдал зэрэг асуудлыг шүүмжилдэг байв.
2025 оны эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр түүний Nepal Haseko дуу олон нийтийн дунд түгж, YouTube дээр 10 сая гаруй үзэлттэй болсон. Мөн л авлига, хариуцлагагүй байдлын тухай өгүүлдэг Balidan дуу нь ч сая сая үзэлттэй болжээ. Шах 2022 онд бие даан нэр дэвшиж Катмандугийн захирагчийн сонгуульд 61 767 санал авч ялсан.
Захирагч байх хугацаандаа тэр хог хаягдлын асуудлыг шийдэх, хууль бус барилга байгууламжийг буулгах, зам засварлах, хотын менежментийг сайжруулах зэрэг бодлого хэрэгжүүлжээ. Гэхдээ хууль бус барилгуудыг нураах, голын эргийн суугчдыг нүүлгэх бодлого нь зарим талаараа хэт хатуу гэсэн шүүмжлэл дагуулжээ.
Болливудын киноны дүртэй зүйрлэсэн нь
Батт Шахыг 2001 оны алдарт Хинди хэл дээрх кино болох Nayak киноны гол дүртэй зүйрлэжээ. Тус кинонд жирийн нэг хүн нэг өдрийн турш мужийн Ерөнхий сайд болж, авлигатай тэмцдэг тухай өгүүлдэг.
Гэхдээ бүх хүн түүний удирдлагад итгэж байгаа гэсэн үг биш юм. Непалын нисгэгч Судип Биста хэлэхдээ “Одоог хүртэл бид Баленыг зөвхөн Катмандугийн дотоод асуудлуудыг шийдэж байгаагаар нь харсан. Тэр зоригтой, олон жилийн асуудлыг шийдэхээр зорьж байсан. Гэхдээ олон улсын тавцанд хэрхэн ажиллах нь жинхэнэ сорилт болно” хэмээжээ.
Дуулиантай Фэйсбүүк пост
2025 оны арваннэгдүгээр сард Катмандугийн захирагч байхдаа Шах Фэйсбүүк хуудастаа АНУ, Энэтхэг, БНХАУ болон Непалын хэд хэдэн улс төрийн намыг хараасан нийтлэл бичиж дипломат болон улс төрийн томоохон маргаан дэгдээсэн. Энэ нийтлэл нь олон нийтийн зүгээс “төрийн албан тушаалтанд байж боломгүй хариуцлагагүй үйлдэл” гэсэн шүүмжлэл дагуулсан бөгөөд тэр дараа нь уг постоо устгасан байдаг.
2025 оны есдүгээр сард гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хойш Непалын улс төр эрс өөрчлөгдсөн.
Эсэргүүцэл анх засгийн газар сошиал медиа платформуудыг хориглосноос эхэлсэн бол дараа нь авлига, тэгш бус байдал, залуусын боломжгүй байдлын эсрэг өргөн хөдөлгөөн болсон. Al Jazeera-гийн мэдээлснээр энэ үеэр болсон мөргөлдөөнд дор хаяж 77 хүн амь үрэгдсний олонх нь цагдаад буудуулсан жагсагчид байжээ. Энэ хямралын улмаас ерөнхий сайд Оли огцорсон юм.
Сонгуулийн үр дүн
Шах Олигийн уламжлалт тойрог гэгддэг Жапа-5 тойрогт нэр дэвшиж 68 348 санал авсан нь Олигийн 18 734 саналаас хол давсан ялалт байлаа. Дэмжигчдийнх нь хувьд энэ нь улс төрийн үе солигдож байгаагийн бэлгэдэл болжээ.
Непалын хүн амын 40 гаруй хувь нь 35-аас доош насных. Харин ихэнх улс төрчид 70 гаруй настай байдаг. Энэ удаагийн сонгуульд 900 000 гаруй анх удаа санал өгсөн сонгогч оролцжээ.
Залуусын ажилгүйдэл 20.6 хувь байгаа тул Шах шинээр 1.2 сая ажлын байр бий болгох, гадаад хөдөлмөрийн шилжилтийг бууруулах амлалт өгсөн. Гэхдээ шинжээчид түүний өмнө маш өндөр хүлээлт байгааг анхааруулж байгаа юм.