
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн чансааны оноо олгох залуучуудын ангиллын гранпри тэмцээнийг анх удаа Тажикистаны Душанбе хотод зохион байгуулах гэж байна. Энэ сарын 23-нд эхлэх тус тэмцээнд 19 орны 234 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын удирдлагад эрэгтэй найм, эмэгтэй таван тамирчин оролцоно. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Азжаргал, Б.Бат-Энэрэл, 66 кг-д Н.Тэгш-Очир, 73 кг-д Ц.Мишигтогоо, 81 кг-д Т.Хатансүлд, Б.Шинэтулга, 90 кг-д Б.Тэмүүлэн, +100 кг-д Б.Тэмүүлэн нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Б.Түмэнжаргал, Т.Отгонжаргал, 52 кг-д Г.Бямбасүрэн, 70 кг-д А.Дуламсүрэн, -78 кг-д Э.Буян-Өлзий нар барилдана.
Тэмцээний сугалаа энэ сарын 23-нд болно. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатараар удирдуулсан баг тамирчид өнөөдөр Душанбе хотыг зорилоо.
