
Ирэх 2027 оны "хавар-зун"-ы улирлын эмэгтэй хувцасны "Paris Fashion Week" өнөөдөр "Louis Vuitton"-ы хаалтын шоугаар өндөрлөж байна. Францын загварын холбооны албан ёсны хуваариар энэ жилийн Парисын загварын долоо хоног есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилж, нийт 68 шоу, 33 танилцуулгыг хүргэжээ.
Харин "Louis Vuitton"-ы эмэгтэй коллекцийн шоуг тус ордны эмэгтэй хувцасны уран сайхны захирал Николя Жескьер удирдан танилцуулах юм. Энэ улиралд Dior, Chanel, Balenciaga, Loewe, Jean Paul Gaultier, Mugler зэрэг томоохон орднууд шинэ бүтээлч чиглэлээ үргэлжлүүлэн тодорхойлсон нь загварын салбарын хувьд онцгой анхаарал татлаа.
Ялангуяа "Chanel"-ийн гурав дахь шоу, "Dior"-ийн Жонатон Андерсоны шинэ үеийн чиг хандлага зэрэг нь улирлын гол үйл явдлуудын нэг байв.
"Louis Vuitton"-ы хувьд Николя Жескьерийн удирдсан эмэгтэй коллекц нь Парисын загварын долоо хоногийг хаахаас гадна түүний тус брэнд дэх уран сайхны үзэл баримтлалын дараагийн үеийг харуулах чухал мөч болж байна.
Жескьер 2013 оноос тус ордны эмэгтэй хувцасны уран сайхны захирлаар ажиллаж байгаа бөгөөд архитектурлаг силуэт, футурист элемент, аялал болон түүхэн хэв маягийг орчин үеийн хувцастай хослуулах чиглэлээрээ танигдсан юм. Түүний өмнөх коллекцуудын нэгэн адил энэ удаагийн шоу зөвхөн хувцасны танилцуулга бус, тайз засал, хөгжим, орон зай, дүрслэлээр дамжуулан бүхэл бүтэн визуал өгүүлэмж бий болгохыг зорьж байгаа аж.