
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Хятадыг “чухал хөрш” хэмээн нэрлэж, хоёр улсын хооронд тогтвортой харилцаа бий болгохын төлөө ажиллахаа парламентын чуулганы үеэр мэдэгдэв.
Азийн эдийн засгийн томоохон хоёр гүрний дипломат харилцаа өнгөрсөн арваннэгдүгээр сард Тайваньд халдсан тохиолдолд Токио хөндлөнгөөс оролцож болзошгүй гэж мэдэгдсэн Ерөнхий сайд Такаичигийн мэдэгдлээс хойш ихээхэн муудаад байгаа юм.
Тэрбээр парламентад үг хэлэхдээ “Хятад бол чухал хөрш. Бэрхшээлүүд байгаа хэдий ч бид олон жилийн турш урт хугацааны харилцааг бий болгож ирсэн. Бид нийтлэг сорилтуудын талаар харилцаа холбоогоо хадгалж, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах үүднээс яриа хэлэлцээг дэмжиж, бүтээлч бөгөөд тогтвортой харилцааг бий болгохын төлөө ажиллана” гэж хэлсэн байна.
Гэхдээ Япон улс “өөрийн байр суурийг тууштай хамгаалж”, “хариуцлагатай үйлдэл хийхийг хүчтэй шаардана” гэдгийг Такаичи мөн онцолжээ.
Албан тушаалаа хашиж эхлээд нэг жил болж буй Такаичигийн Засгийн газар олон нийтээс өндөр дэмжлэг авч байгаа ч инфляцийн өсөлт, Японы өсөн нэмэгдэж буй өрийн талаарх зах зээлийн болгоомжлол, мөн өнгөрсөн онд Тайванийн талаар хийсэн мэдэгдлээс нь үүдсэн Хятадтай хийсэн дипломат маргаан зэрэг хэд хэдэн сорилттой тулгарч байна.
Хятад улс өнгөрсөн онд иргэддээ Япон руу зорчихгүй байхыг анхааруулж, худалдааны хязгаарлалт тогтоосны улмаас Японы компаниудад нийлүүлдэг стратегийн ач холбогдолтой газрын ховор элементийн хэмжээ эрс буурсан гэж мэдээлсэн.
Хүн амын бууралтын асуудлаар Такаичи энэ оны эцэс гэхэд цогц стратеги боловсруулах үүрэг хүлээлээ.
Түүнчлэн Такаичи зах зээлийн итгэлийг хадгалахыг зорьж байгаагаа мэдэгдэн, идэвхтэй бөгөөд хариуцлагатай төсвийн бодлого хэрэгжүүлэх амлалтаа дахин нотолсон байна. Түүний Засгийн газрын төсвийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэх хөтөлбөр нь зах зээлд болгоомжлол үүсгээд байгаа юм.
Түүний илтгэлээр парламентын энэ удаагийн чуулган эхэлсэн бөгөөд чуулган арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилж, хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнд инфляц иргэдийн өдөр тутмын амьдралд үзүүлэх нөлөөг бууруулах зорилгоор хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний татварыг хоёр жилийн хугацаанд бууруулах төлөвлөгөө багтаж байна.
Мөн Ерөнхий сайд илтгэлдээ АНУ наймдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхийн Япон улсын Ерөнхийлөгч Томоко Аканэд хориг арга хэмжээ авсантай холбогдуулан тус шүүхийг дэмжихээ мэдэгдсэн байна.