
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-гийн “Газар ба xүмүүс” өдрөөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Ажлын алба, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Олон улсын мал аж ахуйн судалгааны хүрээлэнгээс мэдээлэл хийлээ. “Rangelands Rising: Тогтвортой менежмент, нөхөн сэргээлтэд хөрөнгө оруулах нь” тайланг танилцуулж, тайлангийн үр дүн, ач холбогдол болон бэлчээрийн тогтвортой менежментэд хөрөнгө оруулах боломжийн талаар мэдээлэл өгч хөрөнгө оруулах, нөлөөнд өртөж буй иргэдэд боломж олгох хэрэгтэйг онцоллоо.
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгээр тус тайланг боловсруулахад мэргэшсэн 10 эксперт, эрдэмтэн оролцож, СОР17-гийн өмнө танилцуулж байгаад баяртай байгаагаа тайланг хамтран удирдсан мэргэжилтнүүд онцолсон юм.
Олон улсын мал аж ахуйн судалгааны хүрээлэнгээс “Rangelands Rising” тайланг хамтран зохиогч Абдрахман Ване, “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч, тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулах, тэдэнд эдийн засгийн боломжийг хүртээмжтэй хүргэхэд анхаарсан. Дэлхийн нийт газар нутгийн тал хувь нь доройтоод байгаа тул шийдвэр гаргагч нарт бэлчээрийг сэргээж, газарт хөрөнгө оруулах нь зүйтэй гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ тайланд, үеийн үед газар нутгаа хамгаалсаар ирсэн малчдыг хүлээн зөвшөөрч онцолсон. Мөн бэлчээрийн тэсвэрлэх чадварыг нэмэх нь бизнесийг хамгаалж буй нэг хэлбэр тул төр, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулахыг уриалсан” хэмээн ярив.
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Газрын доройтлын эдийн засгийн санаачилгыг төлөөлж тайланг хамтран зохиогч Марк Шауэр “Газрын доройтлыг зөвхөн байгаль орчны асуудал бус, эдийн засгийн өнцгөөс авч үзсэнээрээ чухал холбогдолтой. Өмнөх олон улсын уулзалтуудын үеэр бэлчээрийн бүс нутагт гарч буй ижил төстэй өөрчлөлт, сорилтыг хэлэлцэж байсан. Дэлхий дахинд бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч болон бэлчээрийн экосистемтэй холбоотой олон улсын тайлан, судалгаанууд бий. Энэ тайлан нь асуудлын өртөг, эдийн засгийн боломжийг тооцохоос эхлээд хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэхэд анхаарснаараа онцлог” хэмээн мэдэгдэлдээ дурдлаа.