Монгол Улсын хүүхдийн эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил гарч, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Зүрхний Нээлттэй Мэс Заслын тасаг үүдээ нээлээ. Монгол Улсын Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн Амын Сан болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын түншлэлийн хүрээнд байгуулагдсан энэхүү тасаг нь нярай, бага насны хүүхдүүдэд үзүүлэх зүрхний мэс заслын тусламжийг өргөжүүлж, гадаад улсад өндөр өртгөөр хийгдэх эмчилгээний хэрэгцээг эрс бууруулж байна.

Монголд нярай хүүхдийн 2.4 хувь орчим нь төрөлхийн зүрхний гажигтай төрдөг бөгөөд эдгээр тохиолдлын дөрөвний нэг орчимд нь яаралтай мэс засал хийх шаардлагатай байдаг. Жилд дунджаар 50 гаруй нярай, бага насны хүүхэд зүрхний мэс засал хийлгэхээр гадны улсыг зорьдог бөгөөд дундаж өртөг нь багадаа 15 мянгаас 40 мянган ам.доллар байдаг тул гэр бүлүүдэд санхүүгийн хүнд дарамт үүсгэдэг юм.

"Зүрхний гажигтай хүүхдүүдийн гэр бүл өмнө нь тун хязгаарлагдмал дотоодын тусламжийг хүлээх эсвэл өндөр өртөгтэй гадны улс руу явах гэсэн хүнд сонголттой тулгардаг байсан" хэмээн НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифи онцоллоо. "Энэхүү шинэ тасаг нь Монгол хүүхдүүдийн эрүүл мэнд, ирээдүйд оруулж буй түүхэн хөрөнгө оруулалт юм. Бид Эрүүл мэндийн Яам, тэр дундаа ЭХЭМҮТ-тэй нягт хамтран ажилласны үр дүнд энэхүү удаан хүлээгдсэн санаачилгыг өнөөдөр бодит ажил болгож байгаадаа баяртай байна."

Энэхүү шинэ Зүрхний Нээлттэй Мэс Заслын Тасаг нь Монгол Улсад амаржиж буй нийт эмэгтэйчүүдийн 16 хувийг хүлээн авдаг ЭХЭМҮТ-д байгуулагдсан нь өндөр ач холбогдолтой юм. Учир нь тус эмнэлэг нь нярай хүүхдийн эрчимт эмчилгээний хамгийн өндөр шатны лавлагаа төв тул ураг байхдаа оношлогдсон болон өндөр эрсдэлтэй нярайд нэн даруй үйлчилгээ үзүүлж,мэс заслын дараах эрчимт эмчилгээг цаг алдалгүй хүргэх боломжийг олгож байна.

Уг тасаг нь Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Сэргийлэх боломжтой эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд байгуулагдсан бөгөөд мэс заслын үйлчилгээний цаашдын тогтвортой байдлыг хангах зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ 

• Дэд бүтэц: Хүүхдийн зүрхний мэс заслын өрөө, эрчимт эмчилгээний тасгийн томоохон засвар, тохижилт.

• Тоног төхөөрөмж: Мэс заслын болон эрчимт эмчилгээний тасагт зориулсан 30 төрлийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн худалдан авалт.

• Чадавх бэхжүүлэх: Мэс заслын эмч, зүрхний эмч, унтуулгын эмч, сувилагч зэрэг нийт 24 мэргэжилтэн БНСУ-ын Самсунг эмнэлэг болон БНХАУ-д мэргэжлийн сургалтад хамрагдав. Мөн Люксембургийн Үндэсний Зүрхний Мэс Заслын Хүрээлэнгийн мэс заслын баг Монголд ирж эмч, мэргэжилтнүүдэд ажлын байран дээрх сургалт хийж, чадавхжуулав.