Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Шүүгчдийн зөвлөгөөнийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр товложээ. 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэхээр нийт шүүгчид санал нэгдсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “…зөвхөн нэг удаа…” гэсэн хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн улиран ажиллах эрх нээгдээд буй. Гэвч УДШ-ийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхий шүүгч Д.Ганзориг дахин өрсөлдөхгүй гэдгийг мэдэгдсэн.
Өнөөдөр болох шүүгчдийн зөвлөгөөнөөс олонхын санал авч сонгогдсон шүүгчийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид хандах бөгөөд Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилээр томилох хуулийн заалттай.