
Холимог тулааны "ONE Championship" холбооны аварга болсон тулаанч, дэлхийн аварга Б.Энх-Оргил өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин боллоо. Энэ нь холимог тулааны спортоос төрж буй хоёр дахь гавьяат тамирчин юм.
Б.Энх-Оргилын багш Ж.Нарантунгалаг "One Championship" холбооны аваргын бүсийг эх орондоо анхлан авчирч байсан юм. Түүний амжилтыг 11 жилийн дараа шавь Б.Энх-Оргил давтсан. Холимог тулааны спортын төрлөөс багш, шавь хоёр гавьяат тамирчин болсон анхны тохиолдол боллоо.
Б.Энх-Оргил мөн Нэтфликсийн "Physical: Asia" нэвтрүүлэгт Монгол Улсын багийн гишүүнээр оролцсон билээ. Монгол Улсын баг энэ нэвтрүүлгийн финалын шатанд үлдэж, хоёрдугаар байр эзэлсэн юм.
