
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрээр "У.Отгонбаяр тэргүүтэй гишүүд өчигдөр хууль бус хуралдаан зохион байгуулсан. Нийт гишүүдийн олонх нь хуралдах хүсэлт гаргасан бол хуралдаж болно. Гэхдээ хуралдааныг бүлгийн дарга товлож зохион байгуулах ёстой.
Өчигдрийн хурлаар багш, эмч нарын цалин, тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг ярьсан байна лээ. Энэ асуудлыг бид өмнө нь бүлгийнхээ хурлаар ярьчихсан байсан. Өргөн барьсан төсвийг ажлын хэсэг гаргаад бүлэг, УИХ засах ёстой. Гэтэл Ерөнхий сайд, Засгийн газар ийм зүйл ярьж байгаа нь буруу.
Дүрмийн бус хуралдаанаас гаргасан шийдвэр дүрмийн бус. Хүчин төгөлдөр бус шийдвэр гаргасан гэсэн үг. Үнэхээр намайг муу ажилласан гэж үзээд огцруулах бол хэзээ ч огцруулж албан тушаалыг нь авч болно. Би бүлгийн даргын албан тушаалтай зууралдах нь битгий хэл ноён нуруугаа хугалан байж нөхдөө хаян нөгөө тал руу гүйж байгаа хүмүүс шиг сайдын суудлын төлөө явах хүн биш.
Гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд зөвшилцөх тухай ярьж эхэллээ гээд байна лээ. Түүнийг чинь хуулийн байгууллага шийднэ шүү дээ.
Улстөрч хүн тууштай байх хэрэгтэй. Гэтэл нэг талд нь гарын үсэг зурчихаад нөгөө тийшээ гүйгээд байж болохгүй" гэв.