
Өнөөдөр буюу долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Зэлтэр, Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Туул, Хараа, Ерөө, зүүн хажуугийн Барх, Балж, Онон, Хэрлэн, Хангайн нурууны арын Орхон, Урдтамир, Хөгшин Орхон, өврийн Байдраг, Шаргалжуут, Онги (Арвайхээр, Сайхан-Овоо сум), Таац, Зэгстэй, мөн Увс нуурын савын Намир голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см-ээр нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар Тэрэлж, Туул (Улаанбаатар хот, Лүн сум), Сөгнөгөр, Балж, Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Таац, Хөгшин Орхон, Хархираа (Тариалан сум), Намир (Өмнөговь сум) зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см-ээр даван хүчтэй үерлэж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.
Мөн долоодугаар сарын 31-нд Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд 35 см, Алтанбулаг сум орчимд 25 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 15 см, Онон гол Дадал сум орчимд 30 см-ээр тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх гол мөрөн болон сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын анхааруулга, зөвлөмжийг чанд мөрдөхийг онцгойлон анхаарууллаа.