
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны 22 гишүүний 19 нь буюу 86.4 хувь нь огцруулах саналыг дэмжсэнгүй. Танхимд суусан гишүүдээс ердөө 3 нь л огцруулахыг дэмжсэн бөгөөд Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл санаачилсан гишүүд ч Г.Занданшатарыг “Огцруулахгүй” гэж кноп дарлаа. Энэ нь УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд огцруулахгүй гэсэн талд 64 кноп цуглуулах улс төрийг эхлүүллээ. Юу гэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, эцэслэн санал хураахдаа Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн томъёоллоор санал хураана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, босоо санал буюу “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахгүй” гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёоллыг 64 гишүүн дэмжиж байж л Г.Занданшатар Ерөнхий сайдаар үлдэх шахалт руу огцруулах хэсгийнхэн чиглүүлж байна. Харин Ерөнхий сайдыг авч үлдэх талынхан Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёоллоор санал хураавал Үндсэн хуулийн зөрчил рүү орно гэж мэдэгдлээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас
101 дүгээр зүйл.Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх
101.1.Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
101.2.Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна.
101.3.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна.
101.4.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.
101.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
101.6.Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол 5 минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
101.7.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.
101.8.Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй гэж Цэц дүгнэлт гаргасан бол энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.