
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Австралийн холбооны улсын Сидней, Холбооны бүгд найрамдах Герман улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газрыг тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Засгийн газрын энэхүү саналыг дэмжлээ. Хуралдааны үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бат-Орших Байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "2025 оны байдлаар Монголын 8962 иргэн Германд оршин сууж байна. Үүнээс 5742 иргэн нь Франкфур хот орчимд амьдарч байна. Германд хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо харьцангуй цөөн. Тэнд амьдарч буй иргэдийн дийлэнх нь хөдөлмөр эрхэлдэг, холимог гэр бүлтэй иргэд.
Австралийн хувьд 2025 оны байдлаар Монгол Улсын 27370 иргэн амьдарч байна. Сидней орчмоор 14784 иргэн оршин сууж байна. Сиднейд манай иргэд дийлэнх нь хөдөлмөр эрхлэх визтэй. Мөн суралцаж байгаа иргэд байна. Сиднейд барилгын салбарт дийлэнх нь ажиллаж байгаа. Канберра дахь Элчин сайдын яамнаас улирал тутам консулын явуулын үйлчилгээг үзүүлж байгаа. Алслагдмал хотуудад консулын үйлчилгээний нэг удаагийн явалтаар 200 орчим иргэнд үйлчилж байгаа. Берлин мөн адил иргэддээ явуулын консулаар үйлчилгээ үзүүлдэг" гэв.