
Зэсийн борлуулах үнэ огцом өсөж байгаа энэ үед зах зээлийн өсөлт хайлуулах үйлдвэрүүдээс илүүтэй уул уурхайн компаниудад ашигтайгаар нөлөөлж байна.
Хиймэл оюуны дэд бүтцийн эрэлт нэмэгдэж, уурхайн нийлүүлэлт бүтцийн хувьд хязгаарлагдмал хэвээр байгаа нь зэсийн зах зээлийн өсөлтийг улам эрчимжүүлж байна. Дэлхийн банк ирэх онд нэг тонн зэсийн үнэ 13 000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан төсөөллөөс 18 хувиар өндөр үзүүлэлт юм. Гэвч зах зээлийн энэ өсөлт нийлүүлэлтийн сүлжээний бүх оролцогчдод адил ашиг авчрахгүй. Үүний тод жишээ нь Хятадын зэс олборлогч болон хайлуулах үйлдвэрүүдийн ашигт ажиллагааны ялгаа юм.
Дэлхийн зэсийн зах зээлийн төвд байрладаг, уг металлын хамгийн том хэрэглэгч Хятад улс олборлолт болон хайлуулах үйлдвэрлэлийн аль алинд нь томоохон байр суурь эзэлдэг. S&P Global-ийн мэдээлснээр, Хятадын уул уурхайн томоохон компаниуд гадаад улс орнуудад үйл ажиллагаагаа өргөжүүлснээр тус улсын дэлхийн зэсийн олборлолтод эзлэх хувь 2016-2024 оны хооронд ойролцоогоор хоёр дахин нэмэгджээ. Харин зэс боловсруулах, хайлуулах үйлдвэрлэлийн хувьд дэлхийн нийт хүчин чадлын талаас илүү хувийг дангаараа бүрдүүлдэг байна.
Өнөөгийн зах зээлийн нөхцөл байдал зэс олборлогчдод илүү ашигтай болжээ. Учир нь тэдний бүтээгдэхүүний борлуулах үнэ нэгж бүтээгдэхүүнд ногдох зардлаасаа хавьгүй хурдан өсөж байгаа юм. Өнгөрсөн оны эхний улиралд Хятадын хамгийн том уул уурхайн компани болох Zijin Mining нэг тонн зэсийн баяжмалыг дунджаар 60 000 юаниас дээш үнээр борлуулж байсан бол нэг тонн бүтээгдэхүүнд ногдох борлуулалтын зардал нь ойролцоогоор 21 000 юань байжээ. Энэ нь нийт ашгийн хэмжээг 65 хувьд хүргэж байв. Харин жилийн дараа уг үзүүлэлт 71 хувь болж өссөн юм.
Уул уурхайн компанийн зардлын түвшин дэлхийн өртгийн муруйн доод хэсэгт байрлах тусам илүү өндөр ашиг олох боломжтой. S&P Global-ийн таамаглалаар, Zijin Mining зэс болон алтны олборлолтын зардлаар дэлхийн хамгийн бага зардалтай эхний дөрөвний нэгд багтсан хэвээр байх аж.
Харин зэс хайлуулах үйлдвэрүүдийн эдийн засгийн нөхцөл байдал эсрэг чиглэлд өөрчлөгдөж байна. Хайлуулах үйлдвэрүүд зэсийн баяжмалыг уул уурхайн компаниудаас худалдан авдаг учраас түүхий эдийн зардал өндөртэй. Тэдний ашигт ажиллагаа баяжмал боловсруулах үйлчилгээний төлбөрөөс ихээхэн хамаардаг. Гэвч шинээр ашиглалтад орсон хайлуулах үйлдвэрийн хүчин чадал уурхайн олборлолтын өсөлтөөс давсан тул боловсруулах үйлчилгээний төлбөр эрс буурчээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, энэ онд зэсийн баяжмал боловсруулах жилийн жишиг төлбөр тэг болж буурсан бол спот зах зээлийн төлбөр сөрөг утгад хүрчээ.
Хятадын уул уурхайн компаниудын хувьд зэсийн үнийн өсөлт ихээхэн хэмжээний нэмэлт орлого авчирч байна. Тухайлбал, энэ оны эхний хагаст Zijin Mining компанийн үйл ажиллагааны мөнгөн урсгал бараг хоёр дахин нэмэгджээ. Ингэснээр тус компани өөрийн төслүүдэд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх, шинэ уурхай худалдан авах санхүүгийн боломжоо нэмэгдүүллээ. Гэсэн хэдий ч тус компанийн хувьцаа ирээдүйн ашгийнхаа найм дахин бага үнээр арилжаалагдаж байгаа нь Glencore болон Southern Copper зэрэг дэлхийн бусад томоохон уул уурхайн компаниудтай харьцуулахад мэдэгдэхүйц хямд үнэлгээ юм. Энэ нь үйлдвэрлэлийн хэмжээ, нөөцийн давуу тал байгаа хэдий ч хөрөнгө оруулагчид Zijin Mining-ийг олон улсын уул уурхайн групп гэхээсээ илүү Хятадад төвлөрсөн олборлогч компани гэж үнэлж байгаагийн илэрхийлэл юм.
Тиймээс өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулалтын бодит боломж зэсийн үнэ цаашид өснө гэж таамаглан бооцоо тавихад бус, харин зах зээлийн өсөлтөөс бий болсон үнэ цэнийг өөртөө хамгийн үр ашигтайгаар шингээж авах чадвартай компаниудыг сонгоход оршиж байж магадгүй юм.
Financial Times