
Онцгой байдлын байгууллагад энэ долоо хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс өнөөдрийн 10:30 цагийн байдлаар нийт гурван ой, хээрийн түймрийн дуудлага мэдээллийн дагуу унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж. Тодруулбал, ОХУ-ын нутаг Монгол Улсын хилээс хоёр орчим километрийн зайд энэ сарын 8-ны 21:29 цагт сансрын хиймэл дагуулын мэдээгээр илэрсэн түймэр энэ сарын 15-ны өдрийн 19:45 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд хил давж орж ирсэн байна.
Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги зэрэг нийт 36 алба хаагч ажиллаж байгаа талаар мэдээллээ. Мөн түүнчлэн өнөөдөр өдрийн 07:20 цагт бүртгэгдсэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.