Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот суманд наймдугаар сарын 20–21-нд шүлхийн анхны голомт илэрсэн. Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд наймдугаар сарын 22-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, наймдугаар сарын 24-нд онош баталгаажсан юм. Сүхбаатар аймагт бүртгэгдсэн голомт нь Дорнод аймгийн Дашбалбар сумаас мал шилжүүлэн авчирсантай холбоотой бөгөөд хоёр дэгдэлт эпидемиологийн хувьд шууд хамааралтай гэдгийг холбогдох байгууллагаас мэдээллээ.
Дэгдэлтийн хүрээнд Дорнод аймагт 1,879, Сүхбаатар аймагт 213, нийт 2,092 толгой мал өвчилсөн байна. Харин аль ч аймагт өвчилсөн малыг устгалд оруулаагүй аж. Халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Дорнод, Сүхбаатар аймагт нийт 44,882 толгой малыг дархлаажуулжээ. Дорнод аймагт яаралтай дархлаажуулалтаар 10,000 мэдрэмтгий малаас 8,743 толгой буюу 87.4 хувийг хамруулсан бөгөөд дархлаажуулалтын хоёрдугаар ээлж долоон суманд үргэлжилж байна. Мөн 11,500 тун вакцины нөөц бүрдүүлжээ. Сүхбаатар аймагт голомт болон сэжигтэй бүсийн 33,000 толгой малд дархлаажуулалт хийхээр төлөвлөснөөс 36,139 толгой мал буюу зорилтот тооноос давсан хэмжээнд хамруулсан байна. Түүнчлэн хил залгаа сумдын 46 өрхийн 4,912 үхрийг БНХАУ-аас нийлүүлсэн 5,000 тун вакцинаар дархлаажуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор 21 өрхийн 1,173 үхрийг хамруулсан гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв.
Дорнод аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, малын гарал үүслийн бичиг олголт болон мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ. Голомтын бүсийг улаан, сэжигтэй, хамгаалалтын гэсэн гурван давхар бүсэд хуваан хяналт тавьж байгаа аж.