
Мэдлэг бол хүч. Харин мэдэхгүйгээ мэддэг юм шиг аашлах нь сул доройн шинж.
Монголчууд бүгдийг мэддэг. Тэднээс ямар ч сэдвээр юу ч асуусан торолгүй хариулна. Тэр тусмаа дэлхийн томоохон орнуудад болж буй мөргөлдөөн, эдийн засаг, газрын тос, алтны үнийн өсөлтийн шалтгаан, хиймэл оюун ухаан, ураны хор хөнөөл гээд мэдэхгүй сэдэв гэж үгүй. Үүн дотроос дийлэнх иргэд маань Орос, Украины зөрчил, ойрхи дорнодод болж буй мөргөлдөөн, Трампын явуулж буй цэргийн ажиллагааны талаарх үзэл бодлоо цахимаар илэрхийлж, өөрсдийнх нь илэрхийлсэн байр суурь тэдэнд зайлшгүй нөлөөлнө гэдэгт бат итгэлтэй байгаа.
Монголчууд сонсоогүй ч сонссон мэт, уншаагүй ч уншсан юм шиг, судлаагүй ч судалсан юм шиг ярьж, бичиж чаддаг.
Бодлого боловсруулагчид нь хүртэл мэдлэгээр гулгисан иргэдийнхээ санал хүсэлтийг нэн даруй их хурлаар хэлэлцүүлнэ. Угтаа тэд дараагийн сонгуулийн нүхээ эртнээс ухаж байгаа нь л тэр. Тэгээд ч иргэд цахим орчинд асуудал үүсэх төдийд л бүгдээрээ хуульч, цагдаа, өмгөөлөгч, спортод дурлагч, урлаг судлаач, шинжээч, бодлого тодорхойлогч, шүүгч болж хувирна. Үнэндээ бид жинхэнэ мэдлэг, боловсролыг хүртэх талаар ямар ч ойлголтгүй болжээ. Харин мэдлэгтэй юм шиг авирлаж, сэхээтний дүрд сайн тоглож чадах нь л гол утга учир.
Бид түгжрэл бол ажлын дайсан гэж гомдоллодог. Басхүү нийслэлийн гудамжаар алхахад хаа сайгүй яарсан, давчидсан хүмүүс бие биеэ мөрлөн зөрнө. Харин ажлын ачаалалд дарагдсан, ажил руугаа яарсан тэд маань ширээнийхээ ард тухалж авуут туйлын зав зайтай нэгэн болж хувирдаг. Тэгээд л аль нэг улсын төрийн тэргүүнээс өгсүүлээд бусдын амьдрал, алдаа, шийдвэрийг шүүж, өөр өөрсдийн дүгнэлтийг дэвшүүлнэ. Угтаа завтай хүний ажил.
Нэгэнтээ Францын философич Жан Поль Сартр “Дуугүй байна гэдэг өөртөө итгэж буйн шинж” хэмээн бичжээ. Нөгөө талаас аливааг ул суурьтай тунгаан дүгнэж, дотроо эргэцүүлдэг зан араншин биднээс алсарсан. Чимээгүй байх нь урьд хүчирхэг, дотроо бодолтой нэгнийг тодорхойлдог байсан бол өдгөө эсрэгээрээ. Магтаалд туйлширч, шүүмжлэлд халирч ханддаг хүн бодож тунгаах цаг хугацааг үр ашиггүйд тооцож эхэлдэг. Тэр чинээгээрээ дуугүй байхыг сул доройн шинж гэж ойлгоно. Мэдээж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болох ч зав зайтайн хар гайгаар бүх зүйлд оролцох хүсэл ухамсрыг нь мэрээд чимээгүй суулгадаггүй.
Монголчуудын мэдлэгийн эх үүсвэр нь мэдээлэл. Гэвч үнэндээ мэдээлэл гэдэг цаг үеийн шинжтэй, хувьсамтгай чанартай эд. Магад тухайн цаг үедээ л хэрэгцээтэй мэдээлэл ч бий. Тэгэхээр хувь хүний суурь мэдлэгийг мэдээллээр орлуулж болохгүй. Мэдлэг бол эргэлзэх чадвар, асуух зориг, зөв дүгнэлт хийж чадах эрүүл ухамсрыг шаарддаг. Түүнээс бус бусдыг даган туйлширч, олонхийн талд байр сууриа бататгаснаар мэдлэгтэй болж харагдах гэсэн тогтворгүй үзлийн үр биш.
Шинжлэх ухааны ололтууд “яагаад” гэх сониуч зангаас үүдэлтэй гэдэг шиг мэдлэг ч мөн аливаа асуудлаас асуулт нэхдэг. Харин бид өдгөө асуудалд эхлээд хариулт тавилгүйгээр шууд дүгнэж, хэн нэгэн өөрийнх нь туйлын гайхалтай мэдлэгийг үгүйсгэвэл сөрөг хандлага илэрхийлнэ. Уг нь гүн ухаантнууд бидэнд олон төрлийн жор бичиж үлдээжээ. Будда мэдлэгийг гэгээрлээс, Кант харин бэлгэдлээс, Лев Стросс бие махбодиосоо, Хайдеггер үнэнээс хай гэсэн. Хэн бүхэнд нь бий гол санаа бол ямар нэгэн мэдлэгийг хуримтлуулахын тулд өөрийн гэсэн тогтвортой үзэл бодол, нэгдэн нийлсэн бүхэллэг чанарыг ухамсартаа оршоосон байх ёстой. Гэтэл бидэнд мэдэхгүй юм үгүй учраас “Би энэ талаар юу ч мэдэхгүй” гэж хэлж чадах зоригтон байдаггүй. Ингэж жинхэнэ мэдлэг, боловсролоос татгалздаг.
Хүн бүр аливаа сэдвийн талаар туйлын мэдлэгтэй нэгэн болж хувирахдаа суралцах ёстой хичээлийн танхимд оролгүйгээр үүднээс нь буцна. Өнөөгийн бидний нийтлэг төрх энэ. Тийм ч учраас мэргэжлийн хүний үгийг сонсохын оронд аливааг шүүж, буруу тал руу нь гуйвуулсан хошуу дүрэхгүй асуудал, халуун сэдэв, болж байгаа үйл явдлаас хоцорч үлдэх дургүй цахим сүргийн оройлогчдыг даган дуурайна.
Ингэснээр бодит мэдлэг бус зөвхөн мугуйд бурууг зөв хэмээн ташаарах итгэл үнэмшил нь улам гүнзгийрнэ. Тийм нийгэмд дэвшил байдаггүй. Угтаа нийгмийн дэвшил нь түүнийг бүрдүүлж буй иргэдийн ухамсар, боловсролоос шалтгаалдаг.

Сэхээтэн гэж хэнийг хэлэх вэ? Үнэндээ бол анхдагч сэтгэлгээ. Хүний бүтээсэн зүйл гэдэг нь ч сэхээтнүүдийг бодож олж, бий болгосон тэр зүйл. Учир нь, жинхэнэ сэхээтнүүд ямагт анхдагчид бусад нь даган дуурагчид л байдаг. Гэтэл сэхээтний мөн чанарыг боловсролын хэмжээтэй хутгаж ойлгох нь элбэг. Үнэндээ сургуулийг бодож олж, аливаа түмэн бодисын онолыг эхэлж тэмдэглэсэн, математикийн элдэв бодлогыг зохиож, зөв хариултыг гаргасан, латин хэлийг бодож олсон тэдгээр хүмүүс сэхээтний нийтлэг төрх. Харин ямар нэгэн салбарын доктор, проффесор болж, эрдмийн зэрэг цол хүртлээ гээд сэхээтэн болчихгүй.
Мэдээж ихэнх сэхээтэн соёлтой, боловсрол эзэмшсэн байдаг. Гэхдээ үнэхээр тэднийг сэхээтэн гэж ойлгож, даган дуурайх зөв үү? Толгой өндийлгөлгүй дарсан олон асуудлыг тэвчихээ болиод ламаар ном уншуулахаар гандан зүглэх докторууд байж л байгаа.
Харин нөгөө талд нийгэм боддог, сэтгэдэг, ухамсарт үйл ажиллагаа, оюуны үйлдвэрлэл явуулдаг сэхээтнүүдгүйгээр оршин тогтнохгүй. Гэтэл бид өдгөө аливаа асуудлыг онолын хүрээнд тайлбарлаж, нийгмийг зөв зүгт нь чиглүүлэхийг зорьдог цөөн сэхээтнийхээ үгийг сонсохоо больсон. Аль болох хэрүүл шуугиан тарьж, бусдыг чичилж, хандлагаа тайван бус замаар илэрхийлж, өөрсдийгөө мандуулсан оройлогчдод итгэнэ.
Сэхээтнүүд, боловсрол хоёроо ингээд нулимчихаар бидэнд юу үлдэж, үр хүүхдүүддээ ямар нийгэм хүлээлгэж өгөх вэ? Зарим нь мэдээний доор коммэнт үлдээхдээ сэхээтний дүрд тоглож, үлдсэн нь тус коммэнтоос мэдлэг олж авцгаана. Түүгээрээ зэвлэглэсэн сүрэг унтаж байхад нь уншиж, хэрэлдэж байхад нь суралцаж байсан бусдыгаа ялан дийлэх гэж муйхраар зүтгэнэ. Өөрсдийгөө сэхээтэн, мэдлэгээр дүүрсэн оюунтай гэж бодно. Үр дүнд нь мөхөж байсан эх орноо улс шиг улс болгож, салбар бүртээ жинхэнэ сэхээтэн явсан төр нийгмийн зүтгэлтэн, утга уран зохиол, урлагийн томчуул, эдийн засагчдаа эс хүлээн зөвшөөрч тэмцэгч нэртэй хашхичсан авгайчуул, шармал цаг зүүсэн махлаг ах нарт хувь заяагаа даатгана. Өдгөө эл ухамсраас үүдээд Монголд сэхээтэн алга. Мөнөөх тэмцэгч, ойгүй их мэдлэгтэй дагуулагчдын хөлд энэ улс талхилуулж дуусах шинжтэй.
Мэдлэгт олон сайн чанар бий. Гэвч мэдлэгийг мугуйдаар ашиглаж, бурууг мэдлэг хэмээн зөвшөөрөх нь хор болно. Түүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс эс татгалзаж, өөрийн бодол өөртөө зөв байдаг нь мөн л эмгэнэл. Угтаа буруугаа сэрэх ухамсар сэхээтэн хүний шинж юм шүү дээ. Нийгэм, хувь хүн ч тэр хөгжин дэвшихийн тулд аливаад эргэлзэж, алдаагаа засаж, суралцах чадвартай байх ёстой. Гэвч мэдэхгүйгээ мэддэг, мэдлэгээр гулгичид маань үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй.
Бидэнд яг одоо бодож, тунгаах цаг тулж ирээд байна. Өөрсдөө буруугаа ухаарч, мэдлэггүйгээ хүлээн зөвшөөрч, боловсрох шаардлагатай гэдгээ сэхээрцгээе. Адаглаад үргэлжид бусдыг даган дуурайж, оролцохгүй сэдэв, мэдэхгүй зүйлгүй мэт аяглаж байснаас үнэнд дөхүү дүгнэлт хийдэг сэхээтнүүдээ сонсож суръя.
Сэмэрч дуусахаас нь өмнө сэтгэлээ тат гэдэг сэн. Асуудал болгон руу үсчсээр барагдаж дуусахаас нь өмнө аливааг тунгаан бодож, алдаагаа сэхээрэх жаахан ч атугай ухамсрын гэгээг өөрсдөдөө авч үлдэцгээе.