
Чингис хаан Үндэсний музей Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейтэй хамтран “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг өнөөдөр /2026.11.23/ нээлээ.
Үзэсгэлэнд Монголын эзэнт улс, түүний бүрэлдэхүүн улс болох Ил Хаант улсын түүх, соёлтой холбоотой 13 дэсийн 13 ховор нандин үзмэрийг дэлгэжээ. Ингэснээр Европт хадгалагдаж буй Монголын түүх, соёлын дурсгалуудыг эх орондоо үзэх боломж бүрдэж байна.
Тус үзэсгэлэн нь Чингис хаан болон Монголын эзэнт улсын хаадын ивээл дор өрнө, дорнын соёл урлаг, шаазан эдлэлийн урлал, уран барилга хэрхэн хөгжиж, монгол хаад нүүдэлчдийн соёл, уламжлалаа хэрхэн хадгалж ирснийг харуулах юм.
Түүнчлэн XII-XIV зууны Персийн шаазан эдлэл, уран барилгын шавар чимэглэл зэрэг эх үзмэрээр дамжуулан Монголын түүхийг Евразийн соёлын харилцааны өргөн хүрээнд танин мэдэх боломжийг олгож буйгаараа онцлогтой.
Хоёр музейн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард Италийн Турин хотод “Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг зохион байгуулж байжээ.
Үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл гарах бөгөөд тасалбарын үнэ 20,000 төгрөг.