Саудын Арабын хөлбөмбөгийн мэргэжлийн лигийн тэмцээн өндөрлөсөний дараа Криштиану Роналду “Аль-Наср” багаас гарч байгаа мэдээлэл гарлаа. Энэ талаар К.Роналду “Энэ бүлэг дууслаа” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ. Лигийн тэмцээн дуусаж байгаа энэ үед Португалын алдарт хөлбөмбөгчин К.Роналду өөрийн сэтгэгдлээ ийн илэрхийлсэн байна.
40 настай Криштиану Роналду 2022 онд “Манчестер Юнайтед” багаас “Аль-Наср”-тай гэрээ хийж Саудын Арабын мэргэжлийн лигт тоглож эхэлсэн. Гэрээ энэ зун дуусгавар болж байгаа.
“Аль-Наср” дөрөвдүгээр сард Японы “Кавасаки Фронтале” багт хожигдон Азийн аваргуудын лигийн тэмцээнд оролцох боломжгүй болсон билээ.
Саудын Арабын лиг өндөрлөхөд “Аль-Наср” баг гуравдугаар байрт шалгарсан. Криштиану Роналду 24 гоол оруулснаар лигийн мэргэн буучаар тодорсон юм.