
Эстонийн батлан хамгаалахын компани руу халдлага үйлдсэний дараа тус улс Оростой хиллэх боомтуудаа хаахаар болжээ. Таллины эрх баригчид уг халдлагын ард Москва байгаа гэж буруутгаж байна.
Ням гарагт Эстонийн Гадаад хэргийн сайд уг шийдвэрээ зарласан бөгөөд өмнөх шөнө нь дрон үйлдвэрлэгч Threod Systems компанийн байгууламжийг галдан шатаахыг завдсан хэрэгтэй холбогдуулан найман хүнийг саатуулжээ.
Эстонийн эрх баригчид халдлагыг Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын Тагнуулын ерөнхий газар (ГРУ) захиалсан гэж мэдэгдсэн байна.
Гадаад хэргийн сайд Маргус Цахкна X нийгмийн сүлжээнд “Эстонийн эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулах нь үр дагавартай гэдгийг Орос ойлгох ёстой. Биднийг айлган сүрдүүлэх, тогтворгүй байдал үүсгэх, аюулгүй байдлыг маань сулруулах аливаа оролдлогод хариу арга хэмжээ авна. Хилийн боомтуудыг хааснаар Оросын Эстонид дайсагнасан үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж, хориг арга хэмжээг тойрон гарахаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтаа бэхжүүлнэ” гэж бичжээ.
Тэрээр хил хаах шийдвэр хэр удаан үргэлжлэхийг тодорхой дурдаагүй байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч төрийн мэдлийн ТАСС агентлагт өгсөн тайлбартаа уг төлөвлөгөөг “түрэмгий, хяналтгүй оросын эсрэг үзлийн ээлжит давалгаа” хэмээн тодорхойлжээ.
Латвийн Дотоод хэргийн сайд Янис Домбрава Эстонийн Дотоод аюулгүй байдлын албанд талархал илэрхийлж, “Латвийн хэд хэдэн иргэн болон иргэншилгүй хүнийг” баривчилсан гэж Х сүлжээнд бичсэн байна. “ЗХУ задран унаснаас хойш Оросын ашиг сонирхлын төлөө ноцтой гэмт хэрэг үйлдэхэд бэлэн хүмүүс бидний дунд байсаар ирсэн. Латвийг хайрлаж, аюулгүй орчинд амьдрахыг хүсдэг хүмүүсийн амь насанд ийм этгээдүүд аюул учруулах боломжгүй байлгахын төлөө бид ажлаа үргэлжлүүлнэ” гэж Домбрава бичжээ.