Анх Украйн улсын Засгийн газар болон тус улсын энхийг сахиулагчдын нийгэмлэгээс энхийг сахиулагчдын өдөртэй болох тухай НҮБ-д албан ёсны хүсэлт гаргасан юм. Үүнийг үндэслэн 2002 оны арванхоёрдугаар сарын 11-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдаж тогтоол гарган шийдвэрлэсэн байдаг. Уг тогтоолыг үндэслэн энхийг сахиулагчдын өдрийг 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл жил бүр тэмдэглэдэг болсон. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцохдоо дэлхий дахинд болон бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагт дэмжлэг үзүүлэх үндсэн чиглэлийг баримтлан ажиллаж байна. Манай улс 2002 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн ба өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 14000 "цэнхэр дуулгатан" дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож байна.