Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан “Зам засвар, газар чөлөөлөх ажлын хэсэг” нийслэлийн зургаан чиглэлийн зам засвар, газар чөлөөлөх ажлын явцтай танилцсан байна. Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх зам, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл, Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл авто зам болон Чингэлтэй дүүрэгт хийгдэж буй зарим замын өргөтгөл шинэчлэлийн ажлуудтай танилцжээ.
"Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл"-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамарсан гүүрэн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийхээр 2017 оны төлөвлөгөөнд тусгасан. Энэ дагуу газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байгаа юм. Ингэснээр Яармагийн шинэ гүүр, хуучин гүүр нийт зургаан эгнээтэй болох бөгөөд гүүрний ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусах юм байна. Энэхүү гүүрийг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа юм.

Мөн Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэл хэвийн явагдаж байгаа аж.
Үүнээс гадна энэ онд багтаан, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замыг тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ болгон, өргөтгөх юм байна. Уг ажлыг Концессийн гэрээний дагуу гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулснаар удахгүй эхлэх ажээ.
