
“... Иргэдийн оролцоо, санаачилгыг дэмжинэ. Нэгэнт л тэр иргэдийн өөрсдийнх нь байгуулж байгаа, сайн сайхан явахын төлөө байгуулж байгаа нийгэм учраас тэдний оролцоог дэмждэг байх ёстой...” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод мөрийн хөтөлбөртөө төвлөрлийг сааруулах, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх бодлогыг гол цөм болгож, нийтэд зарласан юм. Ингээд орон нутгийн төсвийн харилцаанд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулах захирамжийг гаргаж байв.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсон цагаасаа төвлөрлийг сааруулах, орон нутгийн удирдлагыг бэхжүүлэх, түүн дотор иргэдийн шууд оролцоог дэмжих асуудалд ихээхэн анхаарал хандуулж ирсэн. Үүний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран “Иргэдийн оролцоо” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Ардчилсан нийгмийн нэг гол зарчим бол хамтын шийдвэр байдаг. “Иргэдийн оролцоо” төслийн гол зорилго нь шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн оролцооны эрх зүйн орчныг улам боловсронгүй болгох явдал юм. Ингэснээр улс, орон нутгийн түвшинд гарч буй аливаа шийдвэрүүд иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэн гарахад илүү дөхөмтэй.
Монгол Улсын төрөөс ардчиллыг бэхжүүлж, төвлөрлийг сааруулах нь үр дүнтэй, хүртээмжтэй хөгжилд хүрэх гол шинэчлэл гэж үзэн энэ хүрээнд сайн засаглалын үндэс суурь болох шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, төвлөрлийг сааруулж, төрийн хариуцлагын тогтолцоог сайжруулахыг зорьж байгаа юм. Шууд ардчилал, иргэдийн оролцоо нь монголчуудын хувьд шинэ зүйл биш юм. 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд; “…ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөнхүү эрхээ сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан эдэлнэ”; 1995 оны Ард нийтийн санал асуулгын тухай хуульд шууд ардчиллын нэгэн хэрэгсэл болох эрх бүхий төрийн байгууллагаас санаачлах бүх нийтийн санал асуулгыг тусгасан байдаг.
Шууд ардчилал, иргэдийн оролцоо нь монголчуудын хувьд шинэ зүйл биш юм.
Ийнхүү хуулиар зохицуулсан хэдий ч иргэдийн оролцооны түвшин төдийлөн хангалтгүй хэвээр байсан юм. Харин 2011 оноос төрийн үйл хэрэгт шууд ардчилал, иргэдийн оролцоог бэхжүүлэхэд анхаарч, энэ үйл хэргийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манлайлж байна.
Энэ хүрээнд Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Шилэн дансны тухай хууль, Хууль тогтоомжийн тухай болон Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ахиц дэвшил болж буй. Мөн иргэд хамтарч хэлэлцүүлэг хийх, хурал зөвлөгөөн зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн Иргэний танхимыг нийт аймаг, сумд, дүүргүүдэд байгуулаад байна.
Иргэдийн оролцоо нэмэгдсэнээр орон нутгийн удирдлагаас иргэдийн өмнө тулгамдсан асуудал, хэрэгцээ, шаардлагад илүү нийцсэн шийдвэрийг гарган, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмрээ оруулж байна.

Ардчилал буюу ард түмний засаглал нь иргэдийн зүгээс төрийн бодлого тодорхойлох, сонгосон төлөөлөгчдийн үйл ажиллагааг ажиглах, хянах, үнэлэх, хариуцлага хүлээлгэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хуваалцах замаар тулгарч буй асуудлыг шийдэхэд чиглүүлэх, хуулийн хэрэгжилтийг хянах талаар санал солилцох, итгэл хүлээлгэх зэрэг иргэдийн оролцооны олон арга замыг нээж өгдөг билээ. Энэ утгаараа иргэдийн оролцоо нь төр болон иргэдийн хооронд ойр дотно, харилцан итгэлцэл бүхий тогтвортой харилцааг бий болгож өгдөг тул ардчиллын амин чухал хүчин зүйл юм.
Ардчилсан засаглалын амин чухал шинж нь засаглах үйл явц буюу төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж өгсөн байдгаараа онцлогтой. Иргэдийн оролцоо бол нэг талт харилцаа биш бөгөөд хоёр талын идэвхи санаачлагаар хангагдаж чадвал энэ жинхэнэ оролцоо байж чаддаг аж.
Ингэхдээ төр болон иргэдийн хооронд бодит харилцаа, харилцан хамтын ажиллагаа үүсч, тогтвортой оршин тогтнож, түүнчлэн иргэдээс гарсан санал, санаачлагуудыг бодлого, шийдвэртээ тусгаснаар сая иргэдийн оролцоо жинхэнэ утгаараа хангагддаг байна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, хөтөлбөрт олон нийт өөрсдөө эцсийг нь хүртэл хувь нэмрээ оруулахыг хэлж буй хэрэг юм.

Оролцоог хангахын гол зорилго нь олон нийтийн өөрсдийнх нь эрхэмлэдэг үнэт зүйлст нийцүүлж тэдний сайн сайхныг баталгаажуулах явдал гэж үздэг тул оролцоо гэдэг нь хүлээж суух бус, аливаа асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолой өөрийн санал, бодлоо нэмэрлэх, хийж бүтээх, идэвхтэй хяналт тавих үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, олон нийтэд ашиг тусаа өгөх ямар нэгэн төсөл боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, хянах зэрэг бүх л ажилд олон нийтийг өөрсдийг нь оролцуулж, идэвхийг нь өрнүүлэх учиртай. Тэр үед л олон нийтийн оролцоог жинхэнэ утгаар нь хангаж буй хэрэг юм.
Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг гаргахаас өмнө аймаг, орон нутаг хөрөнгө оруулалт хийх нь бүү хэл өөрсдийнхөө урсгал зардлыг санхүүжүүлж чадахгүй, төсөв санхүүгийн доройтолд орсон байсан нь хэвлэлийн хуудаснаа зурайж байна. Тэрхүү жилүүдэд орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо огцом өсч байжээ. Тухайлбал, жилд 30,000 хүн орон нутгаас Улаанбааар хот руу нүүж ирдэг байсан нь Монгол Улсын газрын зурагнаас 3000 орчим хүн амтай арван сумын иргэд нийслэл рүү нүүдэллэдэг байсан гэсэн үг юм. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ тоо хоёр дахин багасчээ. Учир нь, иргэд орон нутгийн төсвөө захиран зарцуулах эрхтэй болсноор нутаг орондоо шаардлагатай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөөр амьдрах орчин нь сайжирсан гэсэн судалгаа байна.
Энэхүү харилцааг бий болгохын тулд Иргэний танхим, иргэний нийгмийн байгууллагууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм.