Мэргэжлийн бүжигчид болон сонирхогчдын дунд зохиогддог “Номадик баллет II” уралдаан өчигдөр өндөрлөлөө. Тус уралдааныг  “Nomadic ballet production” зохион байгуулж, УДБЭТ дэмжин ажиллав. Сонгодог ба модерн бүжгийг түгээн дэлгэрүүлж, ирээдүйн бүжигчид болон үзэгчдийг бэлдэх нь энэхүү уралдааны зорилго юм.  Уралдаанд 5-20 насныхан оролцсон бөгөөд мэргэжлийн, сонирхогчдын, модерн бүжгийн гэсэн ангиллаар явагдаж шилдгүүд нь тодров. Нийт 120 гаруй бүжигчин өрсөлдсөнөөс “Шелкунчик”  балетын сургуулийн сурагчид хоёрдахь жилдээ хамгийн олон медаль хүртэж, монголын анхны балетчдын нэг Ж.Алимаахүүгийн нэрэмжит цомын эзэн боллоо. Мөн тус сургуулийн багш Б.Номин-Эрдэнэ шилдэг багшаар тодорсон юм.