“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны дөрөв дэх хэлэлцүүлэг “Ардын эксперт”-үүдийн асуулт, хариултаар үргэлжилж байна. Энэ удаад Ерөнхийлөгчийн найман жилийн хугацаанд ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсч байгаа юм.

Ц.Энхбаяр: Иргэдийн хуримтлалын бүлэг бол ашиг хайсан бүлэг биш. Жинхэнэ зорилгоороо ажиллаж байгаа бүлгүүд бол урт амьдардаг. Зөв голдирлоор нь иргэдийн бүлгүүдийг хөгжүүлж, оролцоог нь дэмжих үүднээс Ерөнхийлөгчийг санал, санаачлага гаргаж ажилладагт нь бид баярладаг.

Р.Баянбилэг: Нийслэлийн ногоон байгууламжид хувийн хэвшлийг оролцуулъя гэсэн санал тавиад 4 жил болж байна. Ногоон байгууламж, үрсэлгээний ажил сүүлийн үед ихээр хийгдсэн. Гэвч тарьж, ургуулаад үндэс нь суучихсан байхад төсөл оруулаад хуучин мод сөөгөө ухаж, сэндийчээд байна. Занабазарын музейн дэргэдэх ногоон байгууламжийг ухаж орхисон. Өнгөрсөн жил хэсэг талбайн ногоог байгууламжийг ухаад цемент болгоод хаячихсан. Өмнөх хийсэн хөрөнгөө дахин хөрөнгө зарж устгадаг нь ямар ёс вэ. Үүнийг Ерөнхийлөгч зогсоож, хориг тавьж өгөөч.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Ногоон хөгжил, амьдрах орчны бодлогын зөвлөх  О.Чулуунбилэг: Энэ асуудлыг газар дээр нь очиж, шийдвэрлье. Хувийн байгууллагаас илүү төр энэ асуудалд оролцохоороо л ийм асуудал үүсгэчихээд байгаа юм.

“Ардын эксперт”-үүдийн зүгээс ойн сан, голын эрэг дагуу газар олгохыг зогсоох саналыг Ерөнхийлөгчид уламжиллаа. Мөн Туул голын сав газарт кареер оруулж, ухаж байгааг шүүжилж, энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн юм.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн хайгуулын лицензийг хумьж чадсан бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж, цаашид “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд  Төв аймгийн Заамар сумын 21 мянган га талбайд лиценз олгох асуудлыг судалж, хариулт өгөхийг хүслээ.