
Х.Тэмүүжин дөнгөж сонгогдоод “Үндсэн хуулийн Цэц хоцрогдсон хуульч, тэтгэврийн улстөрчдийн морг боллоо” хэмээн хашгирч байв. Гурван парламент элээж буй Х.Тэмүүжин ажлаа өгсөн сайд, гишүүдийг Үндсэн хуулийн Цэц рүү шахах хуулийн төсөл санаачилж байна.
Цэцийн томилгоог шүүмжилж, хараат бус, бие даасан байдлыг нь хамгаалж байсан Үндсэн хуулийн эрх зүй судлаачийн үзэл санаа 10-аадхан жилийн улс төрийн үйл явц дунд эргэсэн байгааг гайхаад баршгүй.
Х.Тэмүүжин нарын өргөн барьсан хуулийн төслийн 5.1-т “Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй гэж Улсын Дээд Шүүхийн шүүгчээр ажиллах болзол хангасан, эсхүл энэ түвшний маргаан хянан шийдвэрлэх туршлагатай, улс төрийн өндөр мэргэшилтэй гэж Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр ажилласан бодлогын шийдвэр гаргах туршлагатай хүнийг хэлэх бөгөөд энэ хоёр болзлын аль нэгийг хангасан хууль зүйн дээд боловсролтой Монгол Улсын иргэнийг Цэцийн гишүүнээр томилно” гэсэн байна.
Товчхондоо, эрх зүйчийн бакалаврын дипломтой УИХ-ын гишүүн, сайд байсан хүмүүст Үндсэн хуулийн Цэцэд томилогдох улаан хивсийг Х.Тэмүүжин дэвсэж өгөх гэж байна. Тэр Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2026 оны зургаадугаар сарын 29-нд УИХ-д өргөн барьсан нь энэ. Х.Тэмүүжингийн албан бланкан дээр нам, намын төлөөлөл 55 гишүүн гарын үсэг зурсан байгаа юм. 126 гишүүний тал орчмыг санаачилгадаа нэгтгэнэ гэдэг бол улс төрийн зөвшилцлөөр батлагдах магадлалтай төслийн тоонд орно.
Түүх сөхвөл, XIX зууны эхээр АНУ-д, улмаар Австрали, Франц зэрэг улсад загвар болтлоо хөгжсөн Үндсэн хуулийн хяналтын тусгай байгууллагыг манай Монгол Улс 1992 оноос ч өмнө, 1990 оны есдүгээр сард “БНМАУ-ын Үндсэн хуулийн хяналтын зөвлөл” нэрээр байгуулах гэж үзээд чадаагүй байдаг. Ингээд 1992 оны дөрөв дэх Үндсэн хуульд “Үндсэн хуулийн Цэц” нэрээр бий болгожээ. Энэ бол төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгчид Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэхийг хянах ёстой байгууллага. Албан үгээр бол “Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх үүрэгтэй”.
Ерөөс манай улс Үндсэн хуулийн Цэцийг байгуулсан цагаасаа улстөрчдөөс, нам, засгаас хараат бус ажиллуулахыг үеийн үед хичээсэн. Яагаад гэвэл, Цэцийн хяналтад УИХ-ын баталсан хууль, шийдвэрүүд УИХ-ын дарга, гишүүдтэйгээ, Ерөнхийлөгч гаргасан зарлиг, шийдвэрүүдтэйгээ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэйгээ, Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээнүүд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Сонгуулийн ерөнхий хорооны ард нийтийн санал асуулга, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотой шийдвэрүүд багтдаг.
Цэц ийнхүү хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн хүрээ, хязгаарт нь барьж, хянаж, илүү гарсныг нь тасдаж байдаг учраас хяналтад байдаг тэдгээрийн нөлөөнөөс хамгаалах нь нэн чухал. Өнгөрсөн жилүүдэд улс төрийн нөлөөлөлд автаж ирснийг нь тод томруун, илт хурцаар шүүмжилж ирсэн Х.Тэмүүжин тэргүүтэй 55 парламентч хууль тогтоогчийн бүрэн эрхээ ашиглан илэрхий улстөрчдийг Цэц рүү илгээх санаархал өвөртөлчихсөн яваа нь харамсалтай.
1992-2021 онд Цэцийн гишүүнээр 37 хүн томилогдсон. Тэдний тав нь хуульч байтугай эрх зүйч ч биш. Түүхч мэргэжилтэй хоёр, геологич хоёр, дипломатч нэг байжээ. Харин үлдсэн 32 нь эрх зүйч мэргэжлээрээ бараг ажиллалгүй улс төрийн албан тушаал хашиж байсныг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн намтрын судалгаа нотолно.
Уг нь хуулиараа Цэц рүү хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, 40 нас хүрсэн, ялгүй монгол хүнийг нэр дэвшүүлж, томилох ёстой. Шалгуурыг хуульчлахдаа “хууль зүй” болон “улс төрийн” гэдэг ойлголтыг дунд нь таслалтай бичсэн тул практик дээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, эсвэл улс төрийн өндөр мэргэшилтэй хүн томилж болно гэж махчлан хэрэглэж иржээ. Уг нь хуулийг анх батлахдаа хууль зүйн өндөр мэргэшилтэй бөгөөд шийдвэрийнхээ улс төрийн үр дагаврыг мэддэг хүмүүс томилогдох ёстой гэж бодож бичсэн гэдэг.
Гэвч Цэц ажилласан 30 гаруй жилд Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүнд нь илэрхий улстөрч, хууль зүйн өндөр мэргэшилтэй гэхэд салбарынхан нь үгүйсгэн шоолдог нөхөд ч томилогдсон. Хуульчид байтугай улстөрчид нь танихгүй Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарыг “өндөр мэргэшилтэй” хэмээн Цэцийн гишүүнээр томилж зүрхэлсэн парламент эргээд давхар дээлтэй Засгийн газар бүрдүүлэх босгыг тэдний тусламжтай унагасан байдаг юм. Х.Баттулга Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн дээрх гурван Цэцийн гишүүний үед УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсгол хийдэг хуулийг ч Цэц дээр унагасан.
Саяхан л “Ногоон автобусны хэрэг”-т татагдан шүүхээр ороод байсан Ж.Сүхбаатарыг УИХ-ын олонх Цэц рүү илгээж томилов. Ж.Сүхбаатар эрх зүйч мэргэжилтэй боловч хууль зүйн өндөр мэргэшилтэй гэж хэлэхэд бэрх. Эрдмийн зэрэг, гаргасан бүтээл, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл, төрүүлсэн шавь нарынх нь чансааг нь харахаас гадна хуулийн салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нь шалгах ажил явсангүй. Тэр бол улс төрд олон жил явсан хүн мөн. Илэрхий, ид насны улстөрч. Намын дарга нь шахаад байхаар нь “Түгжрэлийн сайд”-ын албан тушаалд их дургүй очсон гэж ярьж байсан хүн Цэцийн гишүүний ажлаа МАН-ын даргын шахалтаар, улс төрийн зорилгоор хийгээд эхэлбэл яах вэ. Хүнийг нь сайн мэдэхгүй ч, үгүйсгэх аргагүй эрсдэл. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдохоосоо өмнө шинэхэн томилогдсон Ерөнхий сайд Н.Учралын зөвлөхөөр ажиллаад, хамт гадуур дотуур яваад байсан хүнийг илэрхий гэхгүй юу.
Ж.Сүхбаатарыг МАН бодлогоор Цэц рүү явуулсан бол АН Г.Эрдэнэбатыг илгээв. Г.Эрдэнэбат бол илэрхий улстөрч биш боловч УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх байсан. Хэд хэдэн удаа АН-ын олныг хамарсан үйл ажиллагаа, хэвлэлийн хурал зэрэгт оролцоод өөрийгөө тамгалчихсан. Мэдлэг, мэргэшсэн байдлын тухайд Г.Эрдэнэбат бол криминологч, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, эрүүгийн эрх зүйн тэргүүлэх эрдэмтэн, хууль зүйн доктор хүн. Хилийн цэргийн сургууль, МУИС-д багш, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан.
Сүүлд эрүү шүүлтийн гэмт хэрэгт нэр холбогдож ял шийтгүүлсэн санагдаж байна.
Энэ хоёр дээрх жишээ аваад ярихад, Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнд суух бүрт, тэндээс тэдний оролцсон шийдвэр гарах бүрд урьдын хэрэг тохиолынх нь сүүдэр Цэц дээр очиж наалдана. Олон нийтийн итгэл суларна. Үүнийг магадгүй улстөрчид ашиглана. Өөрийг нь Хууль зүйн сайд байхад санаачилсан хууль Цэц дээр бүдрэхэд “Цэцийн дарга машинаа голлоо” гээд дайрч, огцруулж байсан улстөрчид одоо ч УИХ-д сууж буй.
Ерөөсөө Үндсэн хуулийн Цэц иргэний үндсэн эрхийг хамгаална, хэлэлцэнэ гэсэн өөхөнд боосон чулуугаар халхавчилсан Х.Тэмүүжин нарын хуулийн төслийн ухралт болох заалтыг өөрчлөхгүй бол Цэцийн есхөн гишүүний зургааг улстөрчдөөр бүрдүүлэх эрсдэл гарч болно. Яагаад гэвэл, Цэцийн гишүүдийн гурвыг Улсын дээд шүүх, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ нэр дэвшүүлж, УИХ өөрөө томилдог. 126 гишүүнтэй одоогийн парламентад эрх зүйчийн дипломтой нь 30 орчим байгаа.
Х.Тэмүүжинд өөрт нь, эсвэл О.Алтангэрэл, МАН-аас гэхэд Л.Мөнхбаатар, Б.Энхбаяр, Д.Цогтбаатар, С.Амарсайхан нарт Цэцийн гишүүн болох хаалга нээгдэж байгаа юм. Өнөөдөр ид яваа, хор шар нь дарагдаагүй байгаа илэрхий улстөрчид хэдэн жилийн дараа Цэц рүү очих замаа өнөөдөр бэлдэж байгаа нь Үндсэн хуулийн Цэцийн шинэчилсэн найруулгын төслийн ганцхан заалтаас л харагдаж байна.
Хашсан албан тушаалыг нь зааж, квот маягаар нам, засаг, шүүхэд хуваарилах биш сонсгол зохион байгуулахдаа “Хэдэн ном бичсэн бэ. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллүүдийн жагсаалтаа үзүүл. Хуульчийн туршлага чинь хэр зузаан бэ, нотолгоогоо харуул. Улс төрийн үйл ажиллагаанд оролцсон уу. Тэр улстөрчийг өмгөөлж байсан уу. Харилцаатай юу. Ёс зүйн зөрчил гаргаж байсан уу” гэх мэт сүрхий асуултуудыг л “өндөр мэргэшил” тодорхойлох шалгуур маягаар хуульд бичмээр байгаа юм даа.
Тэгэхгүй бол Цэцийн улстөрч гишүүдийг цаашид улс төрийн намууд нэгтэйгээ барьцах маягаар томилж эхэлнэ. Сонгуулийн холимог тогтолцоогоор 126 хүнтэй парламентыг нэг нам, улс төрийн хүчин илт давуу бүрдүүлэх магадлал багатай. АН яллаа гэхэд МАН-тайгаа, МАН ялахад АН-тайгаа, гуравдагч ХҮН ба бусадтайгаа хамтарсан засаг байгуулах магадлал их. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчид байгаа гурав, УИХ-д байгаа Цэцийн гурван мандат дээр улс төрийн намууд өөрсдийн эрх зүйч улстөрчдийг томилох, ингэхдээ нэг их хэл ам болгоод байлгүй томилох тохироо хийж эхэлнэ. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих учиртай Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын шийдвэрээ, хянагддаг албан тушаалтнуудаа хяналтаас нэг бол алдана, эсвэл нам, засагт үйлчилсэн дүгнэлт, тогтоол тэндээс гарах болж Цэцэд өргөдөл, гомдол гаргаж байгаа иргэдийн асуудал шийдэгдэхээ болино.