Улаанбаатар хотын хэмжээнд Цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлага өнгөрөгч баасан гаригт эхэлсэн. Бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна. Цэргийн штабуудын зүгээс залуучууд эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй явдал их байгааг онцолж байна. Түүнчлэн зарим иргэд чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж байгаа боловч бичиг баримтын бүрдэл шаардлага хангахгүй байгаа аж. Тухайлбал, сургуулийн өмнөх насны хоёр хүүхэдтэй гэсэн залуус хүүхдийн гэрчилгээ, эхийн эмнэлгийн хяналтад байгаа карт гэх мэт холбогдох материалуудаа бүрдүүлэх ёстой  юм байна.

Мөн их, дээд сургуульд сурч байгаа оюутнууд өөрсдөө хүсвэл явж болох бөгөөд чөлөөлөгдөхийг хүсвэл оюутны үнэмлэх, сурч байгаа нь үнэн гэсэн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримтаа бүрдүүлж очих ёстой ажээ.

Цэргийн зарлан дуудах хуудас авсан иргэд хуудсанд заасан газар товлосон цагт өөрийн биеэр очиж, бүртгэлээ хийлгэх юм. Ингэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очно.

Цэргийн албаны тухай хуульд “Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Иймээс цэргийн жинхэнэ албанаас иргэнд дээрх захиргааны арга хэмжээг авдаг.