Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг борц, махны үйлдвэрийг хаажээ. “Бага-Асгат” ХХК-ийн үйлдвэрт дүүргийн Мэргэжлийн хяналтын мал эмнэлэг, эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч нар хамтран иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус компани нь зориулалтын бус байранд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ.

Тухайлбал, мах савлаж буй үйлдвэрийн орчинд ялаа, шумуул эргэлдэж, үмхий үнэртсэн байдалтай байжээ.

Мөн тааз, хаана халтартаж, бохирдсон төдийгүй угаалга цэвэрлэгээний хэсэгт өмхий үнэртэй угаадас, гар угаалтуурын сав зэрэг байсан аж. Эдгээр нөхцөл нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10.1.2, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5 дах заалтыг тус тус ноцтой зөрчсөн үйлдэл юм байна. Иймд улсын байцаагчийн акт гаргаж, тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна.