Дэлхийн 200 орчим улсын төлөөлөгч Туркийн Газар дундын тэнгисийн эрэгт цугларч, уур амьсгалын асуудлаар хоёр долоо хоногийн турш хэлэлцэнэ. Дайнаас үүдэлтэй эрчим хүчний аюулгүй байдлын болгоомжлол, хиймэл оюун ухааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, АНУ-ын олон улсын хамтын ажиллагаанаас хөндийрсөн байдал нь дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд шинэ дарамт учруулж байна.
Хиймэл оюун ухааны хэрэглээ эрчимтэй тэлж, цахилгаан эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлж байгаа бол түүхэн хугацаанд хүлэмжийн хий хамгийн их ялгаруулсан дэлхийн тэргүүлэх улс болох АНУ хоёр дахь жилдээ уур амьсгалын хамтын ажиллагаанаас татгалзлаа. Энэ бүхэн COP31-ийг зохион байгуулагч Туркийн хувьд хэлэлцээрийн үр дүнд хүрэхэд хүндрэл учруулах таагүй нөхцөл байдлыг бүрдүүлж байгааг ажиглагчид онцолжээ.
COP31-ийн даргалагч орны хувьд Турк энэ жилийн НҮБ-ын ивээл дор зохион байгуулагдах дээд хэмжээний уулзалтыг 2035 он гэхэд дэлхийн эдийн засгийн гуравны нэгээс илүү хувийг цахилгаан эрчим хүчээр хангадаг болгох зорилгод төвлөрүүлжээ. Одоогоор энэ үзүүлэлт ойролцоогоор тавны нэгтэй тэнцэж байна. Турк улс орнуудыг уг зорилтыг дэмжсэн "35 Амлалт"-д нэгдэхийг уриалж байгаа юм.
Онолын хувьд ийм зорилт нь чулуужсан түлшээр ажилладаг автомашин, халаалтын зуух, бойлер, хоол хийх төхөөрөмж болон хүлэмжийн хий ялгаруулдаг бусад тоног төхөөрөмжийг цахилгаан эрчим хүчээр ажилладаг хувилбараар солих үйл явцыг хурдасгаж, дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэгч хорт хийн ялгарлыг бууруулахад туслах боломжтой. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид уг амлалтыг шүүмжилдэг. Учир нь нэмэгдэх цахилгаан эрчим хүчийг нүүрстөрөгчийн ялгарал багатай эх үүсвэрээс үйлдвэрлэх шаардлагыг тусгаагүй аж. Ингэснээр цахилгаанжуулалтыг дангаар нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ахиц дэвшил гэж тооцох эсэх асуудлаар хэлэлцүүлгийн эхэн үеэс санал зөрөлдөөн үүсэхээр байгаа юм.
Далайн түвшин нэмэгдэхэд хамгийн их өртөх эрсдэлтэй Номхон далайн өмнөд хэсгийн арлын орнуудыг багтаасан хэд хэдэн улсын эвсэл чулуужсан түлшнээс татгалзах дэлхийн хэмжээний илүү тодорхой замын зураглал боловсруулахыг шаардаж байна. Энэ нь уур амьсгалын дээд хэмжээний уулзалтуудын үеэр байнга маргаан дагуулдаг асуудал билээ.
Харин Саудын Араб зэрэг газрын тос, байгалийн хий олборлогч олон улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, барих технологийг ашиглаж чадвал чулуужсан түлш дэлхийн эрчим хүчний бүтцэд томоохон байр суурь эзэлсээр байх боломжтой гэж үздэг.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс аравдугаар сард нийтэлсэн тайланд дурдсанаар, дэлхий аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад агаарын дундаж температурын өсөлтийг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтоо биелүүлж чадахгүй нөхцөлд хүрчээ.
2026 он Баруун Европт дараалан тохиолдсон хэт халалтын давлагаанууд болон Балбад мөсөн гол нурж, сүйрлийн хэмжээний үер бууснаараа онцлог байлаа. Балбын үерийн улмаас 1450 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн сураггүй хэвээр байна. “Энэ жил уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн улмаас хамгийн олон хүний амь эрсэдсэн жилүүдийн нэг боллоо” гэж Нэн буурай хөгжилтэй орнуудын бүлгийн зөвлөх, Climate Analytics байгууллагын Өмнөд Азийг хариуцсан захирал Манжит Дал хэлжээ.