Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг үдээш хойших УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан татвар нэмэх асуудлыг эсэргүүцэж, жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэв.

Тэрээр “Намын бүлгүүдийн хуралдаан, та бүхний хууль баталж байгааг хараад гуниг төрж сууна. Та нар Олон улсын валютын санд шилжиж орох гэж улайран зүтгэж, Монгол Улс засаглалынхаа тусгаар тогтнолыг шилжүүлчихлээ. Намын бүлгүүдийн хурлыг сонсож байхад бие биенийгээ чи ч идсэн, ингэсэн гээд л байх юм. Олон жил өнгө нь солигдож, АН, МАН хоёр иргэдийг хуурлаа шүү дээ. Одоо долоон татварыг нэмэх тухай ярьж байна. Одоо та хоёр хоёулаа болиоч ээ. Одоо болсон. Амлалт дээр чинь байна. Ахмад настны тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй гэж. Сонгуульд нэр дэвшиж байхдаа мэнчийж улайрч, мэнэрч зүтгэсээр 65-уулаа орж ирсэн биз дээ. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар оруулж ирэхгүй гэж цагаан дээр хараар бичсэн амлалт чинь энэ байна. Амлалтдаа хүрэхгүй байж Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ гэвэл санасны чинь гарз шүү. Намайг нэмэргүй хүн гэж бодоод байх шиг байна. Надад энд эрх мэдэл, үүрэг алга л даа. Гэхдээ энд 75-ын эсрэг С.Жавхлан ганцаараа. Харин гадаа гараад монголчуудтайгаа тэмцэхээр ганцаараа байна уу үгүй юу хараарай. Татвар нэмэх асуудлаар жагсаал хийнэ. Цаашлаад УИХ-ыг тараах хэмжээний жагсаал хийнэ. Та нарын татвар нэмэх асуудал зөв юм уу, буруу юм уу гэдгийг түмэн олноос асууна. Маргаашнаас би зөвлөлдөнө. Хэрэв миний буруу байвал би бууж өгнө” гэсэн юм.