“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд өчигдөр Чилийн “Коделко” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг тус компанийн төлөөллүүд Монголын Уул Уурхай Геологичдын Мэргэжлийн Институтийн урилгаар ирсэн бөгөөд манай улсын төрийн өмчит уул уурхайн компаниуд болон зэс олборлогч компаниудын үйл ажиллагаатай танилцах юм байна.

Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт өөрийн болон охин компаниудынхаа үйл ажиллагааг танилцуулж, “Коделко” компанийн төлөөлөгчдөд хөрөнгө оруулалтын тогтвортой орчин болоод уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчин сайжирч, урт хугацаанд хариуцлагатай уул уурхай хөгжих боломж бүрдсэн гэдгийг дурджээ.

“Коделко”  компанийн захирал Нелсон Пизарро “Чили улс 15 тэрбум тонн зэсийн, 50 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй. Коделко компани нь 100 гаруй жилийн түүхтэй, 100 хувь төрийн өмчит компани. Бид 18 мянган ажилтантай бөгөөд жилд 1.8 сая тонн зэс боловсруулж байгаа нь үйлдвэрлэлийн бүтээмж харьцангуй өндөр” гэдгийг онцолжээ.

Чили улс нь Монголын адил байгалийн нөөц ихтэй бөгөөд ДНБ-ийн 30 хувийг, нийт экспортын 70 орчим хувийг уул уурхайн үйлдвэрлэл бүрдүүлдэг байна.  “Коделко” компани нь зэсээс гадна кали, кобалт, бусад төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг олборлодог. Цаашид зэс олборлолтын чиглэлээр нэмэлт хайгуул хийх, Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа аж.

Коделко (CODELCO) нь www.codelco.com Чилийн төрийн өмчит уул уурхайн зэсийн компани юм. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч компани бөгөөд жилдээ 1.8 сая тонн зэс үйлдвэрлэж, дэлхийн зэсний нийт хэрэгцээний 11 хувийг дангаараа бүрдүүлж байна.